ЗГХА Ойн газрын зүгээс ойн хөнөөлт шавжийн судалгаа, тандалтын ажлыг хотын ойр орчмын ногоон бүсүүдэд гүйцэтгэсэн. Одоогийн байдлаар орон нутгийн судалгааны ажил дуусах шатандаа орсон бол тэмцлийн ажил өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна.
БОАЖЯ, Ойн газар “Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг” ТББ, “Рио Тинто Монгол ХХК” хамтран хэрэгжүүлж буй “Эрүүл ой” төслөөр энэ онд хийх ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлын хүрээнд өнөөдөр Эйр трактор AT-602 маркийн онгоцыг хөөргөлөө. Тус онгоц нь нэг удаагийн нислэгээр 3,2 тонн бэлдмэл авч, 900 км-ийн алслалттай, 500-700 га газарт хор цацах хүчин чадалтай юм.
Монгол орны ойн санд хөнөөл учруулж буй ойн хөнөөлт шавжийн хэт олшролыг бууруулах, ойн хамгаалал, тэмцлийн арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэхгүй бол олон жил дараалан ойн хөнөөлт шавжид өртсөн ойн талбай нь физиологийн доройтолд орж хатах, устах аюултай байна.
”Эрүүл ой” төслийн хүрээнд ойн хөнөөлт шавжтай тэмцэх олон улсад практик туршлагаар батлагдсан шилдэг арга, техник, технологийг нэвтрүүлэн ашиглана. Олон улсын мэргэжлийн баг хиймэл оюун ухаанд суурилсан EarthRanger программыг хөнөөлт шавжийн тэмцлийн ажлын үр дүнг нэмэгдүүлж, тогтвортой менежментийг хэрэгжүүлэх зорилгоор хөгжүүлж байгаа ба шинэлэг илүү үр дүнтэй биобэлдмэл, арга зүйг боловсруулан хэрэглээнд нэвтрүүлж байна.
300 МЯНГАН ГА ОЙН САНД АГААРЫН ТЭМЦЛИЙН АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭНЭ
Хөнөөлт шавжид өртсөн 300 мянган га ойн санд агаарын тэмцлийн ажлыг хийж гүйцэтгэнэ.
Хөнөөлт шавжийн тэмцлийн ажилд зориулж Итали улсад үйлдвэрлэсэн Cifarelli M1200 загварын үүргэвчин шүршигч 100 ширхгийг худалдан авч ашиглана.
Монголын ойн мэргэжилтнүүдэд зориулан АНУ-д гурван жилийн хугацаанд ойн хөнөөлт шавжийн менежмент чиглэлээр туршлага судлах аяллыг зохион байгуулж, хэт олширсон хөнөөлт шавжийн тархалтыг хязгаарлах талаар АНУ хэрэгжүүлж буй практик туршлага, стратеги тактиктай танилцах боломжийг олгоно.
Төслийн хүрээнд тэтгэлэгт хамрагдсан оюутнуудыг ойн хөнөөлт шавжтай тэмцэх чиглэлээр мэргэшсэн ирээдүйн мэргэжилтэн болгон бэлтгэх, "ойн эрүүл байдал" хөтөлбөрийг сайжруулах, боловсронгуй болгох зорилгоор ойн хөнөөлт шавжийн чиглэлээр мэргэшсэн Пост-Доктор мэргэжилтэн нэг жилийн хугацаанд Ойн газар болон МУИС-тай нягт хамтран Монголд ажиллана.
Монголоос дөрвөн оюутанд судалгааны тэтгэлэг олгоно. Энэхүү тэтгэлэг нь ойн хөнөөлт шавжтай тэмцэх, менежмент хэрэгжүүлэх чиглэлээр судалгаа хийж буй оюутнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлж буйгаар ач холбогдолтой юм. Энэхүү тэтгэлэг нь оюутнуудын эрдэм шинжилгээний ажилд нь дэмжлэг үзүүлж, ойн салбарын хөгжилд тодорхой хэмжээнд хувь нэмрээ оруулах зорилготой юм.
Ойн газар нь ойн хөнөөлт шавжийн нэг болох өрөөсгөл хүр эрвээхэйн өндгийг механик аргаар хусаж цэвэрлэх ажлыг илүү үр дүнтэй гүйцэтгэхийн тулд шар буурцгийн тос, Golden pest spray oil, soybean oil, Showa oil зэргийг тэмцлийн ажилд ашиглах аргыг нэвтрүүлж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамТэрбум модМонгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарRio TintoICCF in Mongolia