Үндэсний давхар даатгал ХК ISO 9001:2015 стандартыг нэвтрүүллээ
П.Ишханд
Үйл явдал
/
2023-04-19

Үндэсний давхар даатгал ХК олон улсын жишигт нийцсэн давхар даатгалын үйлчилгээ үзүүлэх, харилцагчдаа эрсдэлээс хамгаалах, хүний нөөцийн ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, үйл ажиллагааны чанараа сайжруулах зорилгоор ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцооны олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснийг баталгаажуулсан гэрчилгээг гардан авлаа.

Монгол Улсын нутаг дэвсгэрт давхар даатгалын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг эзэмшигч цорын ганц компани болох Үндэсний давхар даатгал ХК нь Монгол Улсын нийгэм эдийн засагт чухал ач холбогдолтой мал аж ахуй, газар тариалангийн салбарыг эрсдэлээс хамгаалах зорилгоор 2014 онд Хөдөө аж ахуйн давхар даатгал ХК нэрээр үүсгэн байгуулагдсан бөгөөд 2018 онд Засгийн газрын тогтоолоор үндэсний давхар даатгалын тогтолцоог хөгжүүлэх, гадаад улс руу гарч буй давхар даатгалын хураамжийн валютын урсгалыг бууруулах зорилгоор Үндэсний давхар даатгал ХК болгон үйл ажиллагааг нь өргөжүүлсэн юм.

Үндэсний давхар даатгал ХК нь байгуулагдсан цагаасаа хойш 8 жилийн хугацаанд өөрийн хөрөнгийн хэмжээгээ 20 тэрбумаас 60 тэрбум хүртэл 300 хувь өсгөн нэмэгдүүлж чадсан шилдэг удирдлага, өндөр үр ашиг бүхий төрийн өмчит хувьцаат компани юм.

Үндэсний давхар даатгал ХК гүйцэтгэх захирал Б.Жавхлант “Хувьцаагаа гаргаж, олон нийтийн компани болох чухал үйл явцын босгон дээр энэхүү нэр хүндтэй гэрчилгээг авсандаа баяртай байна. ISO 9001 стандартыг нэвтрүүлснээр үр ашиг маань улам нэмэгдэх болно гэдэгт итгэлтэй байна. Үндэсний давхар даатгал ХК-ийн нийт ажилтан албан хаагчдадаа баяр хүргэе” хэмээсэн юм.

Тус компани нь 3-р сарын 31-ний өдөр Монгол Улсын Санхүүгийн Зохицуулах Хорооноос анхдагч зах зээлд хувьцаагаа арилжаалж, олон нийтийн компани болох зөвшөөрлийг аваад байгаа юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.226.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.