Д.Тогтохсүрэн: Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн Хангайн бүсийн хэлэлцүүлэг Өвөрхангай аймагт боллоо
П.Ишханд
Үйл явдал
/
2023-04-12
Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн Хангайн бүсийн хэлэлцүүлэг Өвөрхангай аймагт боллоо.
“Бэлчээрийн талхагдлыг бууруулахад чиглэсэн хууль, эрх зүйн орчинг сайжруулах нь” сэдэвт бүсчилсэн хэлэлцүүлгийн хүрээнд Газрын тухай хуульд бэлчээрийн газрын ашиглалт, хамгаалалтын талаар нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, түүний үзэл баримтлалын танилцуулгыг Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Баянхонгор аймгийн малчид, малчдын байгууллага, орон нутгийн төрийн байгууллага, мэргэжилтнүүдийн төлөөлөл бүхий Хангайн бүсийн хэлэлцүүлгийг Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод амжилтттай зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Баянхонгор, Хөвсгөл, Архангай аймгийн төлөөлөл 95 хүн оролцсон ба тэдний асуултад хариулт өгч, санал бодлыг нь сонсож хэлэлцүүлэг өрнүүлэв.
Хэлэлцүүлгийн эхэнд доктор Д.Булгамаа “Бэлчээр нутаг-Монголын ногоон хөрөнгө” сэдвийн дор бэлчээрийн доройтол ямар түвшинд хүрсэн, доройтол улам бүр эрчимжиж түүний үр дагавар нэмэгдэж малчин өрхийн амьдралын баталгаа хэрхэн алдагдаж хуулийн зохицуулалт зайлшгүй шаардагдаж байгаа талаар танилцууллаа. Монгол Улс дах бэлчээрийн доройтлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлын танилцуулгын дараа хуульч, доктор М.Сувд “Бэлчээрийн газрын эрх зүйн зохицуулалтын олон улсын чиг хандлага” сэдвээр Киргиз, Туркменистан, БНХАУ-ын ӨМӨЗО гэх зэрэг гадаадын зарим орны бэлчээрийн тухай бие даасан хуулийн зохицуулалтын дэвшилтэт болон дутагдалтай зохицуулалтын талаар танилцуулсан болно.
Миний хувьд “Газрын тухай хуульд бэлчээр ашиглалтыг хариуцлагжуулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл” сэдвээр Газрын тухай хуульд Бэлчээрийн талхлагдлыг бууруулахад чиглэсэн нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төслийн үндсэн үзэл баримтлал, хуульчлан зохицуулах заалтуудын талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
Төлөөлөгчид хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, бэлчээрийн асуудлыг хуулиар тодорхой зохицуулах шаардлагатай байгаа саналыг дэмжиж, 20 гаруй оролцогч асуулт асууж, санал бодлоо хэлж, нийт оролцогчдоос бэлчээрийн эрх зүйн зохицуулалтыг сайжруулах талаар санал асуумж авсан ба улсын хэмжээнд хийж буй бүсчилсэн хэлэлцүүлэгт оролцогчдын саналыг нэгтгэн цаашид хуулийн төслийг боловсронгуй болгоход тэдний саналыг тусгах талаар ажиллах юм.
Сүүлийн 30 гаруй жил бэлчээрийн газрыг зохион байгуулалт, төлөвлөлт, хяналтгүй ашигласнаас үүдэн нийт бэлчээрийн 65 хувь нь ямар нэг байдлаар доройтсон талаар мэргэжлийн байгууллага, эрдэмтэд, судлаачид тогтоогоод байна. Энэ нь бэлчээр, мал, малчны асуудлыг хуулиар тодорхой зохицуулалттай болгох, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах зайлшгүй шаардлагатай болохыг илэрхийлж байна. Асуудлыг ингэж шийдвэрлэх үндсэн шийдэл бол Газрын тухай хуульд бэлчээрийн газрын зохистой ашиглалт, хамгаалалтын талаар нэмэлт, өөрчлөлт оруулах боломж байгаа юм.
Энэхүү бүсчилсэн хэлэлцүүлэгт оролцогчдоос бэлчээрийн талаар бодит амьдралд тулгамдаад байгаа асуудлыг сонсож, тэдний саналыг авч, хуулиар хэрхэн зохицуулах асуудлыг шийдвэрлэхийг зорин ажиллаж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.124.161)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.