Д.Тогтохсүрэн: Үндсэн Хуулийн өөрчлөлтийн төслийг өргөн барилаа
П.Ишханд
Үйл явдал
/
2023-05-03
Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “Улсын Их Хурал нэг танхимтай байна. Улсын Их Хурлын гишүүдийн далан зургааг мажоритар, далан зургааг пропорциональ аргаар сонгоно” гэж өөрчлөх тухай төслийг УИХ-д өргөн мэдүүллээ.
Гишүүдийн тоог нэмэгдүүлж, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлсэнээр парламентад мэргэшсэн, мэргэжлийн хэлэлцүүлэг өрнөх, нийгмийн олон бүлгийн төлөөлөл, дуу хоолой бодиттой оршиж ард түмнийг төлөөлөх парламентын ардчилал бэхжих эерэг үр дүнгүүд гарна.
УИХ-ын 76 гишүүний тоо нь иргэдээ төлөөлөн ажиллаж байгаа гишүүдийг хэт өндөр эрх мэдэлтэй болгож, нөлөөлөлд автуулах эрсдэл үүсгэн зарим хууль тогтоомжийг нарийн хэлэлцэхгүй байх сөрөг үр дагаврыг үүсгэж байна. Байнгын хороод гэхэд л 10 гишүүний ирцтэйгээр, 6 гишүүн дэмжвэл тухайн асуудал шийдэгддэг нь тоо, тогтолцоонд өөрчлөлт оруулах нь зайлшгүйг харуулж байна. Тиймээс олон талын байр суурийг хангаж, парламентын засаглалын дархлааг бэхжүүлэх үүднээс уг өөрчлөлтийн төслийг өргөн барилаа.
Сонгуулийн холимог тогтолцоо нь улс төр дэх хувь хүний нөлөө, тойргоор хуваагдсан ашиг сонирхлыг хязгаарлаж, үндэсний хэмжээний бодлогоор өрсөлддөг улс төрийг бий болгох, олонхийн улс төрөөс зөвшилцлийн улс төр рүү орох боломжийг бий болгоно. Өөрөөр хэлбэл сонгуулийн холимог тогтолцоо нь парламентад 2 нам давамгайлдаг байдлыг бууруулж, олон намуудын төлөөлөл орж ирэх боломжийг олгох болно. Ингэснээр улс төрийн намууд тодорхой үзэл баримтлалынхаа дагуу хөгжлийн бодлогоор өрсөлддөг төлөвшил бий болох юм. Мөн нөгөө талаас парламент дахь дотоод хяналтыг сайжруулж, ашиг сонирхолд автсан үйлдэл, үйл ажиллагааг хязгаарладаг байх боломж бүрдэнэ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.187.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.