Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Төрийн үйлчилгээг цахимжуулж, төсвийн зардлыг хэмнэнэ
Үйл явдал
/
2020-10-16
Төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааны зардлыг бууруулах, иргэд, бизнес эрхлэгчдэд үзүүлэх төрийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүнд сурталгүй, ил тод хүргэх зорилгоор Засгийн газар ЦАХИМ МОНГОЛ хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж төрийн 181 төрлийн үйлчилгээг хамруулаад байна.
Төрийн доод, дунд шатанд байгаа хүнд суртал, авлигыг устгах, иргэдэд төрийн үйлчилгээг саадгүй, шуурхай хүргэх, бага зардлаар өндөр бүтээмж, үр ашигтай ажиллах бүхий л боломжийг ашиглах зорилгоор мэдээллийн технологийн хөгжилд суурилсан цахим төрийн үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг ирэх онд улам эрчимжүүлж цахим төрийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлнэ.
 
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хаана ямар төсөл, хэдий хэмжээний төсвөөр хэрэгжиж байгаа болон хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, санхүүжилт ямар шатандаа байгааг иргэд, аж ахуйн нэгжүүд гар утаснаасаа авах боломж бүрдэж, санхүүжилтийг түргэн шуурхай олгодог болоод байна.
Төрийн байгууллагуудын хурал зөвлөгөөн, сургалт, семинар, гадаад болон дотоод албан томилолт, хяналт шалгалтын чиг үүргийг цахимаар хэрэгжүүлж холбогдох зардлыг бууруулж, цаг хугацааг хэмнэх боломж байна.
 
Төрийн албаны зөвлөлийн Хүний нөөцийн удирдлагын системд бүртгэлтэй төрийн албан хаагчийн мэдээлэлд суурилсан Төрийн албаны цалин хөлсний нэгдсэн системийг 2021 оны 1 дүгээр сарын 1-ээс улсын хэмжээнд нэвтрүүлнэ. Төрийн бүх шатны байгууллагын орон тоонд хяналт тавьж, давхардсан болон илүүдэл орон тоог бууруулах зэргээр цалин хөлсний оновчтой, ил тод, шударга тогтолцоог бүрдүүлж зардлын өсөлтийг тогтворжуулна.
 
Нийгмийн халамжийн 9 төрлийн 73 ангилал бүхий үйлчилгээг авахад бүрдүүлэх шаардлагатай 36 төрлийн бичиг баримтыг төрийн үйлчилгээний цахим системүүдээс автоматаар шалгаж, тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлтийг иргэдийн дансанд шуурхай шилжүүлдэг тогтолцоонд ирэх оноос бүрэн шилжинэ. Үүний үр дүнд халамжийн байгууллагын ажилтнуудын өргөдөл хүсэлт хүлээн авч шийдвэрлэх ажлын ачаалал болон бичиг хэрэг, болон архивын зардал буурч, улмаар халамжийн ажилтнуудын ажил үүргийн хуваарьт өөрчлөлт орж халамжид хамрагдсан өрх, иргэдтэй ажиллах цаг нэмэгдэх болно.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.147.77)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.