Өглөөний сэргээш: Батсайханы ЭНХБАТ 
Ярилцлага
/
2020-01-25

Төгссөн сургууль:

ОХУ-ын Г.В.Плехановын нэрэмжит Эдийн засгийн их сургуулийг 2003-2007 онд Санхүүч мэргэжлээр төгссөн.

Мэргэжил:

Санхүүч

Ажилласан туршлага:

2007-2017 онд Санхүүгийн зохицуулах хороо, 2017-2018 онд Төрийн банк, 2018-2019 онд Капитрон банканд тус тус ажилласан. 2019 оны 4 дүгээр сараас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Маркетингийн хэлтсийн орлогч даргаар ажиллаж байна.

Мэргэжил дээшлүүлсэн байдал:

2013-2014 онд БНСУ-ын Ajou university /MBA/-ийг дүүргэсэн.

Чин хүсэл:

Эрдэнэт үйлдвэрийн мянга мянган уурхайчдын дунд мөр зэрэгцэн хөдөлмөрлөж, хүсэл мөрөөдлөө бүтээхээр урагшилж яваа түүний хүрэх өндөрлөг хол. Тиймдээ ч бэрхшээлийн өмнө нугарахгүйгээр бат зогсож, зорьсондоо хүрэхээр зүтгэсэн. Санхүүгийн салбарт чадварлаг боловсон хүчнээр нэрлэгдэж, үеийнхэндээ үлгэрлэсэн тэрээр өчигдрөөс илүү өнөөдрийг, өнөөдрөөс илүү маргаашийг бүтээхийг хүсдэг нэгэн.

 

-Та өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ? Өдөр бүр хэвшил болсон чухал дадал бий юу?

-Юуны өмнө, уурхайчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Би шинэ өглөө бүрийг эрч хүчтэй, эрүүл хэв маягаар эхлүүлэхийг хичээдэг. Тиймээс сүүлийн 10 гаруй жил ус уух дадлыг өөртөө хэвшүүлсэн. Шүршүүрт орж, эрч хүчээ сэлбээд ажил руугаа алхах дуртай.

-Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүчээ авдаг вэ?

-Гэр бүлээсээ урам зориг авна. Тэр тусмаа өдрөөс өдөрт өсөж торниж байгаа хоёр үрээ харах тоолон би чинь ямар чухал хүмүүсийн өмнө хариуцлага хүлээж яваа билээ гэж боддог шүү. Мөн найз нөхдөөсөө болон ажлын шинэ орчин, уулзаж байгаа хүн бүрээс л урам зориг авдаг. Өглөө ажил руугаа алхах замдаа ч тухайн өдрийн эрч хүчээ авах үе бий. Хийх ажлын төлөвлөгөөгөө бодож, ажил дээрээ ирмэгцээ шаардлагатай зүйлсээ тэмдэглэдэг. Араас нь аяга кофе уусан байхад эрч хүч улам л сэргэдэг.

-Хийж байгаа ажлын тань онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2019 онд төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ биелүүлж, түүхэн амжилт тогтоосон. Энэ бүх ололт амжилт, мэдээ мэдээллийг уурхайчдадаа болон ялангуяа олон нийтэд үнэн зөв хүргэж, ойлгуулах нь бидний ажлын чухал хэсэг. Мөн үйлдвэрийн хөрөнгөөр худалдан авч байгаа бараа, материалын зах зээлийн үнэд хяналт тавих, нийцүүлэх нь ажлын маань онцлог гэж хэлж болно. Тийм ч учраас Азидаа томоохонд тооцогдох тэргүүний үйлдвэрт ажиллаж, уурхайчдын хөлс хүч, сэтгэл зүрхээр бүтэж байгаа баялаг, түүний үнэ цэнийг бусдад хүргэж байгаа нь яах аргагүй миний ажлын эерэг тал. Мэдээж сул талууд бий. Гол нь сул талаа өөрсдийн давуу тал болгон, бэрхшээлийг даван туулж, алхам алхмаар тогтвортой урагшлах нь хамгийн чухал гэж боддог.

-Ажлаа илүү сайн хийхийн тулд та өөртөө ямар зорилго тавьж, хувь хүнийхээ хөгжилд анхаарч байна вэ?

-Техник технологи эрчимтэй хөгжиж байгаа энэ үед мэргэжлийн зүгээс болон хувь хүн талаасаа зогсонги байдалд орохгүйгээр байнга шинийг эрэлхийлж, хөгжихийг эрмэлздэг. Ажилдаа сэтгэлээсээ хандаж байгаа хүн хэзээд бусдад үнэлэгддэг гэж боддог. Өөрийн мэддэг чаддаг бүхнээ бусадтай хуваалцах, харилцан суралцах нь хөгжлийн чухал суурь юм болов уу. Мэргэжлийн онцлогтой холбоотой бүхий л шинэ мэдлэг, мэдээ мэдээллээс хоцрохгүй, цаг үеэ мэдрэхийг чухалчилж байна.

-Та бусдаас суралцахыг илүүд үзсэн үү, өөрийгөө дайчлан суралцахыг чухалчилж ирсэн үү?

-Дээрх ойлголтыг хөгжлийн 2 багана гэж үзэж болох юм. Өөрийгөө дайчлах нь хувь хүний хөгжлийн суурь болдог бөгөөд хэдий чинээ бат бөх байна төдий чинээ өндөр барилга босох боломжтой. Харин бусдаас суралцахыг чанартай барилга барихад шаардлагатай материал гэж үзэж болох юм. Тиймээс суурь сайтай, чанартай барилга барихын тулд аль алийг нь чухалчлах хэрэгтэй.

-Өөртөө хэвшүүлэхээр зорьж буй шинэ зүйлсээсээ хуваалцаач?

-Өдөрт 30 минутаас багагүй хугацааг дэлхий дахинд болж байгаа мэдээ мэдээллийг уншиж судлахад зориулснаар шинэ содон зүйлийг мэдэх, суралцах хүсэл төрдөг. Өглөө босоод 3-5 км гүйх, 7 хоногт 2 удаа спорт заал орох зэрэг эрүүл мэндээ дэмжсэн, эрч хүч сэргээсэн зүйлийг амьдралдаа хэвшүүлэхээр зорьж байна.

-Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ?

-“Энэ амьдралдаа харамсахааргүй ХҮН шиг амьдар” гэж аав минь хэлдэг.

-Эрдэнэт үйлдвэр таны харах өнцөг, үзэл бодол, итгэл үнэмшилд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Эрдэнэт үйлдвэрт ажилд орохоос өмнө санхүүгийн чиглэлээр төрийн байгууллагад, дараа нь төрийн болон хувийн банканд ажиллаж байсан. Эрдэнэт үйлдвэр миний хувьд шинэ салбар, шинэ туршлага хуримтлуулах талбар болж байна. Энд ажилласнаараа улсын томоохон баялаг бүтээгч үйлдвэр санхүүгийн зах зээлийн хөгжилд ямар нөлөө үзүүлэх, ямар оролцоотой байх боломж байна, яаж энэ салбаруудыг цогцоор нь хөгжүүлэх вэ гэдэг талаас нь илүүтэй бодох болсон. Миний үзэл бодол, харах өнцөг тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн гэдгийг энд хэлмээр байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.159.105)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.