-Монгол хүн амны билгээс ашдын билгийг эрхэмлэдэг. Бид энэ бүх сорилтыг ажралгүй давна гэдэгт итгэлтэй байна
“Хотол төгс” хэмээгч хулгана жил гарах гэж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй товч ярилцлаа. Тэрээр урд хөршид халдварт өвчин дэгдсэнтэй холбогдуулан Сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэж, иргэд дор бүрнээ хариуцлагатай байхыг уриалсан юм.
-Удахгүй Сар шинийн баяр тохиох гэж байна. Энэ жилийн хувьд өмнөх шигээ өргөн дэлгэр тэмдэглэхгүй нь тодорхой боллоо?
-Ер нь Цагаан сар бол Монголын ард түмний эрхэмлэн дээдэлдэг уламжлалт баярын нэг. Энэ утгаараа олон зууны өмнөөс өргөн дэлгэр тэмдэглэж, айл хотлоороо учран золгодог уламжлалтай. Тэрчлэн хахир хатуу өвлийг даван туулж, урин цагтай энх золгосны баяр ч гэж үздэг. Байгаль цаг уурын амаргүй нөхцөлд амьдардаг, жилийн дөрвөн улиралтай монголчуудын хувьд урин цагтай золгоно гэдэг бол байгалийн шалгарлыг даван туулсны, нас нэмсний баяр юм. Өөрөөр хэлбэл, хүндлэлийн баяр гэж ойлгодог доо. Энэ утгаараа бид дор бүрнээ шинэ цаг тоолол эхэлж, урин цаг ирснийг билгэдэж, өтгөс дээдэстэйгээ золгохыг хүсч л байгаа. Харамсалтай нь, бид бүгдээс хамаарахгүй зүйл гэж бий. Өнөөдөр дэлхий ертөнц даяарчлагдаж, улс үндэстнүүд улам бүр бие биенээсээ хамааралтай болж байна. Эдийн засаг, соёлын нийтлэг хамаарал гэх мэт зүйлээс шалтгаалж нэг улсад тохиолдсон гамшигт үзэгдэл бусад улсуудад ч нөлөөлж байгааг бид харж байна. Сар орчмын өмнө Ази даяараа шахуу цагаан сарын баяраа тэмдэглэсэн. Өмнөд хөршид маань ч өргөн дэлгэр болсон байх. Энэ үеэр титэмт вирусын дэгдэлт гарч таарсан нь өнөөдөр олон улсад хөл хорио тогтоох, цар тахлын аюулын харанга дэлдэх хэмжээний эрсдэлд хүргэсэн. Тиймээс бид энэ алдааг давтаж болохгүй. Тодорхой хүрээнд цомхон ёслоод өнгөрөх нь зөв. Бид иргэний хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй.
-Таны хувьд хэрхэн шинэлэхээр төлөвлөж байна вэ?
-Гэр бүлийнхээ хүрээнд л тэмдэглэнэ дээ. Ээждээ золгоно, үр хүүхдүүд, ач зээ нар маань ирнэ. Тэгээд л болох байх. Үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулж, төр нь иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө болгоомжтой, сонор сэрэмжтэй хандах ёстой. Иргэд нь ч хариуцлагатай хандах ёстой. Титэмт вирус бол тоглоом биш. Агаар дуслаар халдварладаг аюултай өвчин. Тиймээс олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх, хувийн ариун цэвэрээ дээд зэргээр сахиж, сахилга баттай байх нь чухал. Мэргэжлийн байгууллагын анхааруулга, сануулгыг дагаж мөрдөх нь хүн бүрийн үүрэг.
-“Хотол төгс” хэмээгч хулгана жил гарч, нэгэн жаран эхэлж байна. Энэ жилийн өнгийг та хэрхэн харж байна вэ?
-Хулгана жил он тооллын эхлэл гэдэг утгаараа онцлогтой. Эртнээс өвөг дээдэс маань хулгана жилийн онцлогийг шинжиж хэлж ирсэн байдаг. Түүгээр бол дэлхий дахинаа мөргөлдөөн зөрчил гарах эрсдэл их өндөр байдаг юм байна. Нөгөө талаар эрдэм мэдлэг, эрх мэдэл, эд хөрөнгө ч их цуглуулдаг гэнэ. Энэ утгаараа билэгшээж, нөгөө талаас болгоомжилж байгаа хүмүүс ч байна. Миний хувьд бол Монгол хүн амны билгээс ашдын билгэ гэдэг өвгөдийнхөө сургаалыг дагаж, энэ бүх сорилт бэрхшээлийг Монгол түмэн маань ажралгүй давна, сайн цаг тун удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна. Тийм учраас нэгэн жарны эхлэл болсон хулгана жилдээ зон олон маань энх тунх, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөлийг өргөж байна. Хүн гэдэг сэтгэлийн амьтан учраас сайн сайхныг бодож, дор бүрнээ хууль журмыг чандлан сахиж, эв эеийг хичээж, шинэ гарч буй жилдээ санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэхийн ерөөлийг дэвшүүлье.
Эх сурвалж: "ӨДРИЙН СОНИН"
Сэтгүүлч: О.АРИУНАА
-
Уржигдар 16 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 57 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 48 мин
-
Уржигдар 14 цаг 41 мин
-
Уржигдар 14 цаг 09 мин
-
Уржигдар 13 цаг 18 мин
-
Уржигдар 09 цаг 52 мин
-
2024-11-05
-
Уржигдар 09 цаг 52 мин