Монгол Улс цар тахлын хэмжээнд хүрээд байгаа коронавируст халдвартай “нүүр тулж” эхэлснээс хойш 80 хонож байна. Энэ хугацаанд Засгийн газар, Улсын онцгой комисс, чиг үүргийн бусад байгууллагууд хөдөлгөөн хязгаарлах, гадны орноос иргэдээ татан авах, ариутгал халдваргүйтгэл хийх гээд урьдчилан сэргийлэх боломжит бүхий л ажлыг хийсээр байгаа. Тэр дундаа Хилийн мэргэжлийн хяналтын албаныхан “Галын шугам”-д ажиллаж байна.
Мэргэжлийн хяналтынхны илрүүлсэн сэжигтэй болон ажиглалтын тохиолдлоос 10 батлагдсан тохиолдол ХӨСҮТ-д тусгаарлагдан эмчлэгдэж байна. Буянт-Ухаа болон Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомт дээр хамгийн олон тохиолдлыг илрүүлжээ. Товчоор хэлбэл, ачаалал ихтэй газрууд гэсэн үг.ОХУ-д манай улсын 2500 орчим оюутан суралцдаг. Мөн 03-р сарын 22-ны өдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар энэ сарын 28-ны өдрийн 06 цагаас хойш Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор иргэдийг хил нэвтрүүлэхгүй байх шийдвэр гарсантай холбоотойгоор Алтанбулаг боомт ачаалал ихтэй ажиллаж байна. Манай сурвалжлагч Алтанбулаг боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б.Уянгатай ярилцлаа.
-Одоогийн байдлаар зөвхөн Алтанбулаг боомтоор иргэдээ авч байгаа учраас ачаалал ихтэй байх шиг байна. Хөдөлгөөн хэр их байна?
-Манай байгууллага системийн хэмжээнд нэгдүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Энэ хугацаанд Алтанбулаг боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба сэжигтэй 36, ажиглалтын 442 тохиолдлыг илрүүлэн холбогдох байгууллагад шилжүүлсэн. Ер нь Алтанбулагийн боомтоор өдөртөө 45-80 хүн нэвтэрдэг. Энэ тоо цаашид нэмэгдэх хандлагатай байна.-Сая харж байхад тээшээ чирсэн нэг эмэгтэй ганцаараа орж ирж байна. Өрөвдмөөр ч юм шиг.
Өдөр бүр ийм дүр төрхийг харж байгаа танд ямар мэдрэмж төрдөг вэ?
-Өмнө нь иргэдээ тээврийн хэрэгслээр нэвтрүүлж байхад тэдэн зорчигтой тийм тээврийн хэрэгсэл гээд бүх зүйл тодорхой байдаг байсан. ОХУ, Монгол Улсын хоёр тал ярилцаж тохиролцсоноор сүүлийн үед иргэдээ явганаар хил нэвтрүүлж байгаа. Тийм учраас хэдийд ч хэдэн ч хүн ороод ирж болно. Хөгшин залуу янз бүрийн л хүн ирж байна. Тэр бүхний оронд өөрийгөө тавиад бодохоор “Би ч гэсэн эх орондоо, хайртай хүмүүсийнхээ дэргэд л очихыг хүсэх байсан” гэж боддог. Хилээр нэвтрэн оруут нь эхний ээлжинд халууныг нь үзэж, эрүүл мэндийн хуудсаар асуумж авдаг. Хаагуур, хэд хоног зорчсон гэдгээс эхлээд. Тэгээд эрэмбэлэн дараагийн байгууллагадаа шилжүүлдэг. Улаан бүсэд байгаа иргэдээ дараагийн шатанд нь шилжүүлээд, ариутгал халдваргүйтгэл хийдэг. Дахин шинэ хүнээ хүлээн авна… Сэлэнгэ аймагт тусгаарлах байр дүүрсэн учраас одоо иргэдийг Дархан-Уул болон Орхон аймаг руу шилжүүлж байна.
-Иргэд явганаар хэр зайг туулж хил нэвтэрдэг вэ?
-Ойролцоогоор 100 орчим метр.
-Янз бүрийн ааш авиртай хүнтэй тулна биз?
-Хүн бүрийн харьцаа хандлага, ааш авир өөр. Зарим нь асуумжид үнэн зөв хариулт өгөхөөс зайлсхийнэ. Тийм учраас яавал энэ хүнээр үнэн зөв хариулт өгүүлэх вэ гэж хүн нэг бүрийн хандлага, авирт тохируулан сэтгэл зүйч шиг л ажиллах шаардлага тулгардаг. Асуумжаа хэрхэн авах вэ, энэ хүн үнэн зөв хариулж байна уу гэдгээс эхлээд л мэргэжлийн ур чадвар шаардана. Заримд нь хуулийн хариуцлага сануулах тохиолдол ч гарна. Гэхдээ ихэнх иргэд шаардлагыг зөв хүлээж авдаг.
-Яг танай боомт дээр хамгаалах хэрэгсэл, хүн хүч хүрэлцэж байна уу?
-Манай Хилийн мэргэжлийн хяналтын алба дээр эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын байцаагчийн орон тоо дутагдалтай байдаг. Улсын онцгой комиссын гишүүн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүүгээр ахлуулсан ажлын хэсэг одоо манай боомт дээр ажиллаж байна. МХЕГ-ын даргын сэлгэн ажиллуулах тушаалаар Улаанбаатараас шаардлагатай газруудад байцаагч нэмж ажиллуулж байгаа нь бидэнд их дэм болж байна. Хамгаалах хувцасны тухайд одоогийн байдлаар хүрэлцээтэй байгаа.
-Усны гутал, агаар нэвтрэхгүй хувцастай өдөржин ажиллах амаргүй байх. Ер нь та урьд нь ийм нөхцөлд ажиллаж байв уу?
-Би энэ салбартаа 20 жил ажиллаж байна. Гэхдээ энэ удаагийнх шиг үргэлжилсэн нөхцөл байдалтай ажиллах тохиолдол гарч байсангүй. Усны гутал олон цагаар өмсөхөөр чийг даах, нуруу татах, маск шил нүд нүүр дарах асуудал гарна л даа. Гэхдээ халдвар хамгааллын дэглэмээ зөрчиж болохгүй учраас заавал өмсөнө. Нөгөөтэйгүүр би эмч бас байцаагч болохдоо төр түмнийхээ төлөө зүтгэнэ гэж тангараг өргөсөн хүн. Хэдийгээр манай байцаагчид төрийн захиргааны албан хаагч гэсэн ангилалд хамаардаг ч энэ цаг үед тушаал авсан тусгай албаныхан шиг л ажиллаж байна. Ээлжнээс буугаад амарч байхад нь “Боомт руу явах шаардлагатай боллоо. 5 минутын дараа” гээд дуудахад яг л ирээд зогсож байх жишээтэй. Ингэж ажиллахаас ч өөр аргагүй. Эхний шүүлтүүр нь бид учраас бидэнд анхаарал сэрэмж алдах эрх байхгүй. Хамгийн түрүүнд нүүр тулж байгаа байгууллагын хувьд анхны арга хэмжээг зөв авч чадвал дараа дараагийн гарах хүндрэл, сөрөг үр дагавраас сэргийлж чадна. Хүн ардын эрүүл мэнд, улс орны эдийн засагт ч гэсэн хохирол бага учирна. Бараг 80 орчим хоног ийм нөхцөл байдалд ажиллаж байгаа болохоор манайхан сэтгэл зүйн хувьд бүрэн бэлтгэгдсэн. Бид хамтдаа даваад гарна гэсэн итгэл үнэмшлээр дүүрэн ажилладаг.
-
Уржигдар 16 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 57 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 48 мин
-
Уржигдар 14 цаг 41 мин
-
Уржигдар 14 цаг 09 мин
-
Уржигдар 13 цаг 18 мин
-
Уржигдар 09 цаг 52 мин
-
2024-11-05
-
Уржигдар 09 цаг 52 мин