Улстөрчийн хүүхэд улстөрч болох ёстой гэсэн феодалын зүй тогтол манайд гэм биш зан болоод суучихлаа. Хэн нэгэн үеэ өнгөрөөж буй эрхмүүд эрх мэдэл, эрх ашгаа алдахгүй үргэлжлүүлэхийн тулд хуучин намынхаа бүтэц рүү хүүхдүүдээ “чихэж” орхиод улс төрөөс гарсан хэмээн худлаа ярьж суудаг болов. Ер нь далд санаа нь өөрсдийнхөө үйл хэргийг үргэлжлүүлэх, хамгаалуулах гэхээс өөр зүйлгүй.
Энэ удаагийн НИТХ-ын сонгуульд гэсэн Монгол төрд өнгөрсөн 30 жилийн түүхэнд сайн муугаар олон үүрэг гүйцэтгэж ирсэн нөхдүүдийн хүүхдүүд АН-аас нэр дэвшиж байна. Тэднээс дурдвал, экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын Батшугар, экс Ерөнхийлөгч Элбэгдоржийн Эрдэнэ, УИХ-д таван удаа сонгогдон, 20 жил төрийн өндөр албан тушаал хашсан Л.Болдын төрсөн дүү Л.Болдхуягийн хүү Б.Билэгт, УИХ-ын гишүүн асан АН-ын томчуудын нэг гэгддэг Р.Гончигдоржийн охин Уянгахишиг, АН-ын дарга асан С.Эрдэнийн хүргэн хүү Г.Энхболд, НИТХ-ын дарга асан Д.Баттулгын бэр Х.Болормаа гээд өндөр дээд албан тушаал хашиж байсан эрхмүүдийн хүүхдүүд улстөрийн “гараагаа” эхлүүлэхээр зэхэж байна.
Ерөнхийдөө 20 жилийн турш идэвхтэй улс төрд хүч үзсэн эрхмүүдийн ээлж халаа солигдож, залуу үе нь хүч түрэн гарч ирэх болсон энэ цагт өөрсдийн байр сууриа хадгалж үлдэхээр улстөрчид тэргүүтэй, мөнгөтэй эрхмүүд санаархаж буй нь илтэд ажиглагдаж байгаа юм. Хүүхдүүд нь хэдий шинэ залуус ч гэлээ аав ээжийнхээ нь багаас олгосон хүмүүжил, гэр бүлийнхээ эрх ашиг, гэр бүлийн бизнесийг л хамгаалдаг гэдгийг бид хангалттай харлаа. Аль ч талаас нь бодсон өөрт нь юу ашигтай байна тэр зүг рүү л явж харагддаг. Товчоор хэлбэл, тэд “цүнх баригчид”-аас ч илүү нийгэмд хортой гэдгийг бид хангалттай мэдэрлээ.
“Хунтайжууд”-аараа удирдуулсан Ардчилсан нам шинэ хүмүүс гэсэн нэртэй хуучин нөхдүүдийнхээ бодлогоор явах болчихоод байна. Тэр хэрээр ирээдүйн улс төрд “ногоон гэрэл”-ээр орж ирсэн хунтайжууд том тоглох вий дээ. Тэдний эцэг, эх нь улстөрч, эсвэл томоохон бизнесмэнүүд. Тэдэнд мөфнгөний асуудал байхгүй ч, мөрөөдөл нь бүгд улстөрч болох байсан. Зовлон үзээгүй тэр жаалууд аль хэдийнэ Монголын төрд эзэн сууна гэж санаандаа багтаачихаад бөөн бөөнөөрөө зүтгэж байна. Гэвч амьдрал мэдэхгүй тэр хүүхдүүд улстөрч болж тоглоод улс орныг маань аав, ээжүүд шигээ тоглочих вий дээ.
Эх сурвалж: shuurhai.mn
-
1 цаг 8 мин
-
Өчигдөр 10 цаг 06 мин
-
Уржигдар 19 цаг 55 мин
-
Уржигдар 16 цаг 34 мин
-
Уржигдар 19 цаг 55 мин
-
Уржигдар 10 цаг 55 мин
-
2025-01-13