Бурхан дээрэмдэж, цагдаад халдсан залууст 8-9 жилийн хорих ял оноожээ
Үйл явдал
/
2020-09-28

Бурхан дээрэмдэж, цагдаад халдсан залууст 8-9 жилийн хорих ял оноожээ

Өнгөрсөн оны наймдугаар сарын 23-24-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэн Н-ын гэрт гэмт этгээдүүд халдаж, гэрийн эздэд хутга тулган, 12-15 см өндөр, алтан шармал Ямандаг, 15-17 см өндөртэй хүрэл Дамдинчойжоо бурхан дээрэмдсэн ноцтой хэрэг гарсан билээ.

Дээрх хэргийг өмнө нь шүүхээс 2-3 удаа ял шийтгэгдэж байсан, онц аюултай гэмт хэрэгтнүүд болох Д.Хурц-Эрдэнэ, Г.Бат-Эрдэнэ, Ц.Доржсүрэн нар үйлдсэн бөгөөд тэднийг ЭЦА-ны ажилтнууд мэргэжлийн өндөр ур чадвар гарган илрүүлэн баривчилсан юм.

Гэмт этгээдүүд дээрэмдсэн бурхдаа нийслэлд авчирч ченжүүдэд зарах гэж байхад нь цагдаагийн ажилтнууд баривчилсан бөгөөд тухайн үед гэмт этгээдүүдийн нэг нь цагдаагийн ажилтан руу халдаж, зугтахыг завдаж байжээ.

Тэгвэл Өвөрхангай аймгийн Хархорин сумын Сум дундын анхан шатны шүүхээс саяхан тэдэнд түүх, соёл, шашны хосгүй үнэт өв болох эртний хоёр бурхан дээрэмдсэн, хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэм буруутайд тооцож, Д.Хурц-Эрдэнэд ес, Ц.Доржсүрэн, Г.Бат-Эрдэнэ нарт найман жилийн хорих ял тус тус оноосон байна. Дээрх хоёр бурхан нь XVII-XVIII зуунд бүтээгдсэн, өв уламжлагдаж ирсэн түүхийн хосгүй үнэт бүтээл бөгөөд нийт өртөг нь 210 сая төгрөгийн үнэлгээтэй юм байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.254.118)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.