Г.Занданшатар: Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулбал ҮАБЗ-өөс ШҮҮХЭД хяналт тавих шаардлагагүй болно
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-10-01

УИХ-ын эрхэм гишүүд ээ, Хүндэт зочид оо,

  -Улсын Их Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан Улсын Их Хурал анхны ээлжит чуулганаа эхлүүлж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Анхдугаар чуулган өнгөрсөн 30 жилд байгаагүй богино хугацаанд Засгийн газраа байгуулж ажилдаа шуурхай орсон. Ээлжит бус чуулганаараа Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн Үндсэн чиглэлийг баталсан. Эдгээр баримт бичигт багтсан зорилтууд нь улс орны нийгэм, эдийн засгийг сэргэн мандлын шинэ замд гаргах, ард түмнийхээ амьдралын нөхцөл, орлогыг дэлхийн тэргүүлэх жишигт хүргэхэд чиглэгдсэн. 

Завсарлагааны хугацаанд Үндэсний ном, бичиг соёлын өдөртэй болох хуулийн төсөл, Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааг дэмжих Түр хороо байгуулах тогтоолын төсөл өргөн баригдсан. Монгол орон, монгол үндэстний тусгаар тогтнол, өнө мөнх оршихуйн дархлаа нь монгол хэл, бичиг, түүх соёл билээ. 

Манай улсын нэлээд нутгаар, ялангуяа тал хээр, говийн бүсэд ган гачиг нүүрлэсэн нь өвөлжилтөд хүндрэл учруулж болзошгүй байна. Гамшгийн байдлыг газар дээр нь очиж үнэлгээ хийх, отрын нутаг бэлчээрийг одооноос зохицуулж хуваарилах, мах бэлтгэх квотыг нэмэгдүүлж, хөрш болон бусад орнуудтай мах экспортлох асуудлаар хэлэлцэх асуудлаар Засгийн газар, Улсын Онцгой Комисс шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Түүнчлэн отроор өвөлжих иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, үр хүүхдийнх нь сургууль боловсролыг тасалдуулахгүй байх болон бусад үйлчилгээг чанартай хүргэх талаар аймаг, орон нутгийн удирдлагууд хамтран ажиллах нь чухал юм.

Төсөв, Төрөөс мөнгөний талаар 2021 онд баримтлах  үндсэн чиглэлийг УИХ-аас баталсан зээлийн хүүг бууруулах стратегийг хэрэгжүүлэх арга хэмжээнүүдтэй уялдаатай авч хэлэлцэнэ. УИХ-ын шийдвэр гарснаас хойш зээлийн хүү 1 хувь буурсан сайн мэдээтэй байна. Цаашдаа жил тутам дор хаяж нэг хувь буулгахаар төлөвлөж байгаа билээ.  Банкны зээлийн хүүг бууруулах бодлогын хүрээнд ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгон бууруулахаар УИХ, Засгийн газар хамтран ажиллаж байна.

Монгол улс саарал жагсаалтаас гарах тайлангаа 4-р сард амжилттай хамгаалж, 6 үүрэг даалгавраас 4-ийг биелүүлсэн Үүнийг газар дээр нь хянан шалгахаар Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага буюу ФАТФ-аас Ажлын хэсэг ирээд байна. Яг одоо Ерөнхий сайд Ажлын хэсэгтэй хийж буй уулзалтын нээлтэд оролцож байгаа болно. Монгол Улсын төр засаг мөнгө угаахтай тэмцэх үүрэг амлалтдаа тууштай байгааг УИХ дахин нотолж байна. 

    Эрхэм гишүүд ээ, 

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хойшлуулж, хугацаа алдаж суумгүй байна. Энэ хуулиар эрх мэдэл орон нутагт шилжиж, төвлөрөл саарч, нутгийн удирдлагын оновчтой тогтолцоо бүрдэнэ. Аймаг, сум, нийслэл, дүүрэг бие даан хөгжих боломж нөхцөлийг бүрдүүлснээр төвлөрөл саарч, түгжрэл гацаа арилж, иргэдийн амьдралын чанарт өөрчлөлт гарна гэж үзэж байна. Түүнчлэн хот, тосгоны болон нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг шинэчилж, аймгийн төвүүд, Дархан, Эрдэнэтийг хот болгох асуудлыг энэ чуулганаар шийдвэрлэх болно. 

Хэдхэн хоногийн дараа аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт болно. Сонгуулийн үр дүнгээр нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг бүрдүүлж, нутгийн захиргааны удирдлагыг хуулийн дагуу шуурхай томилж, ажилд нь оруулах ёстой. 

Мөн Шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг хангахын сацуу шударга шүүх, шүүгчтэй болох баталгаа болсон Шүүхийн тухай багц хуулиудыг батална. Шүүх сахилга хариуцлагын хороотой болсноор шүүхийн хяналт сайжрах учир ҮАБЗ-өөс хяналт тавих шаардлагагүй болж, уг хууль нь хүчингүй болно.

 Улс төрийн тогтолцоог боловсронгуй болгох, санхүүжилтийн ил тод байдлыг бүрдүүлэх, намуудын төлөвшлийг хангах шинэчлэлийн үзэл баримтлалтай Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн найруулж, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийг шинээр батална. 

  УИХ гишүүдээсээ эхлээд нийт төрийн алба хаагчдын ёс зүйд анхаарлаа хандуулах шаардлагатай гэж үзэж байна. 

УИХ-д Ёс зүй, сахилга хариуцлагын Байнгын хороо байгуулагдсан. Уг Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд УИХ-ын гишүүдийн ёс зүй, сахилгад хяналт тавих, хуралдааны дэг сахиулах, ирц бүрдүүлэх зэрэг асуудлаас гадна нийт төрийн алба хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын асуудал багтаж байгаа болно. Түүнчлэн төрийн алба хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагын асуудлыг хуулиар зохицуулах шаардлагатай гэж үзэж байгаа. 

Төрийн алба хаагчдын ёс зүй, сахилга хариуцлага хэр байхаас төрийн нэр хүнд, иргэдийн төрд итгэх итгэл, хууль тогтоомжийг сахих, төрийн байгууллагуудын шийдвэрийг хэрэгжүүлэх асуудал шууд хамаарна.

Бурууг засаж, сайн сайханд хүрэхийг Монгол Улсын иргэн бүр хүсэж байгаа. Энэ хүсэмжлэлийг биелүүлэхэд нийт нийгмийн өргөн дэмжлэг, бүх шатны төрийн алба хаагчдын идэвхтэй оролцоо, гишүүдийн манлайлал нэн чухал байгааг зориуд тэмдэглэе.

Энэ удаагийн ээлжит чуулган Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойн өдрүүдтэй давхцаж байна.

 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.154.252)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.