Хотын захиргааг ЯАРМАГ РУУ нүүлгэхийн тулд 10 хоног ЗАМ ХААНА
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-10-01

Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг Хан-Уул, Яармаг шинэ дэд төвд шилжүүлэн байршуулах болсонтой холбогдуулан ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан 1,7 км авто замын барилгын ажлын хүрээнд Нүхтийн замаас Хан-Уул дүүргийн 4-р хорооны нэгдсэн эмнэлэг хүртэлх 712 у/м, Наадамчдын гудамжнаас Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг хүртэлх 280 у/м авто замыг өнөөдрөөс эхлэн хаалаа.

Дээрх хэсгийн замыг аравдугаар сарын 1-11-ний өдрийг хүртлэх хугацаанд хааж, цементээр бэхжүүлсэн суурь болон өнгө хучилтын ажлыг хийх тул тээврийн хэрэгсэл эзэмшигч та бүхэн тус хугацаанд зураглалын дагуу түр замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/149 дугаар захирамжийн дагуу хотын төвлөрлийг сааруулах зорилгоор Шинэ хотын төвд Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор байгуулах зураг, төсөв хийгдсэн. Тус зураг төсвийн дагуу гурван блок барилга баригдах ёстой. Эхний ээлжийн А блок барилгад НИТХ-ын ажлын алба, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Б блокт Нийслэлийн харьяа байгууллага, агентлагууд, В блокд иргэд хүлээн авах, үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээ, спорт заал байхаар зураг төсөл хийгдсэн.

Нийслэлийн төр захиргааны байгууллагууд өдөрт дунджаар 5700 иргэн, аж ахуйн нэгжид 332 нэр төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Мөн хотын төв рүү хоногт дунджаар 200 мянга орчим авто машин зорчдог гэсэн судалгаа гарсан байдаг. Үүнээс үүдэн хэт төвлөрөл, авто замын түгжрэл, нийтийн эдэлбэр газрын хүрэлцээгүй байдал, авто зогсоолын хүрэлцээгүй байдал зэрэг асуудлууд тулгарч байгаа. Хотын захиргааг Яармаг руу нүүлгэснээр дээрх ачаалал тодорхой хэмжээгээр буурна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.40.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.