Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга газар тариалангийн бүс нутагт ажиллалаа
Үйл явдал
/
2020-10-02
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга газар тариалангийн бүс нутагт ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга есдүгээр сарын 29-30-ны өдрүүдэд Сэлэнгэ, Төв аймгийн газар тариалангийн бүс нутагт ажиллаж, аж ахуйн нэгжийн болон өрхийн түвшний газар тариалангийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тодруулбал, Төрийн тэргүүн /2020.09.29/ Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ Цагааннуур сумын нутаг дахь “Гацуурт” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцсан бол Төв аймагт ажиллах үеэрээ Жаргалант сумын тариаланчид, Борнуур сумын ногоочидтой уулзаж, тэдний аж байдлын талаар сонслоо.

Эрчимжсэн газар тариалангийн үйл ажиллагаа явуулж буй “Гацуурт” ХХК нь 2020 онд 48,846 га талбайд тариалалт хийжээ. Тус компани усалгаатай 1,650 га талбайд тариалалт хийдэг бөгөөд АНУ-ын “Valmont” компанийн тойргийн усалгааны системийг усалгаатай тариаландаа ашиглаж байна. Тухайлбал, хамгийн том усалгаа нь 200 га талбайг усалдаг бол хамгийн бага нь 10 га талбайн зөөврийн усалгааны систем байдаг талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.30/ Төв аймгийн Жаргалант, Борнуур сумын тариаланч, ногоочидтой уулзах үеэрээ тэдэнд тулгамдаж буй асуудлуудыг сонсож, тэдгээрийг шийдвэрлэх боломжуудын талаар санал солилцсон юм.

Тухайлбал, тариаланчид, ногоочдын зүгээс бүтээгдэхүүнээ борлуулах үнэ тогтворгүй, цаг уурын байдал болон бусад хүчин зүйлээс хамааран байнга өөрчлөгдөж байдаг нь өрхийн эдийн засагт хүндрэл учруулдаг талаар ярьж байв.

Мөн банкны зээлийн хүү өндөр, Сум хөгжүүлэх сангаас олгодог гурван хувийн хүүтэй зээлийн хүртээмж бага байдаг нь бизнесээ тэлэх, эцсийн бүтээгдэхүүн гаргах чиглэлд хөгжүүлэхэд саад учруулдаг байна. Улмаар жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийг өрхийн хэмжээнд үйлдвэрлэл явуулж буй хүмүүст хүргэдэг болох, газар тариалангийн салбарт үзүүлж буй төрийн дэмжлэгийг нэмэгдүүлэх зэрэг санал хэлж байв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга тариаланчид, ногоочид нэгдсэн зохион байгуулалтад орж, хэрэглэгч, үйлдвэрлэгчийг холбосон бүтцийг бий болгон ажиллавал тариалангийн ажлаа сэтгэл амар явуулах нөхцөл бүрдэнэ гэдгийг энэ үеэр онцоллоо.

Харин Төв аймгийн Борнуур сумын ногоочдын хувьд өрх бүр тус тусдаа жижиг зоорьтой, багахан талбайд тариалалт хийж, хавраас намрын хооронд л амьдрал нь эргэлддэг учраас амьдрал дээшлэхгүй байгаа гэлээ. Иймээс хүнсний ногоогоо нэгдсэн байдлаар хадгалах зоорь, ажиллах хүчин, урт хугацааны хөнгөлөлттэй зээл авах боломжийн талаар санал, хүсэлтээ хэлж байв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга тариаланчид, ногоочид өөр өөрсдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан нэгдэн нийлснээр илүү ашигтай, зохион байгуулалттай ажиллах боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Жишээ нь, бүтээгдэхүүн хадгалах болон борлуулах ажлуудыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, хариуцах эзэнтэй нь гэрээ байгуулж, албажуулах байдлаар хамтран ажиллавал газар тариалан эрхэлж буй өрх бүрд ирэх санхүүгийн дарамтыг бууруулж, алдагдал хүлээхээс сэргийлэх, өрхийн эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чухал нөлөө үзүүлнэ гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.85.135)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.