Б.Лхагвасүрэн: Шинээр олгох орон сууцны зээлийг л зургаан хувийн хүүтэй олгоно
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-10-02

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцлээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн хандлагыг харахад эхний хагас жилдээ инфляцын дарамтгүй байх шиг харагдаж байна. Арай жаахан зоригтой төлөвлөөд оруулаад ирж болох байсан уу. Тав дээр нэмэх, хасах гэж явбал эдийн засгийг дэмжихэд нэмэр болно гэж бодож байна. Төсвийн тэлэлтийг яаж хийсэн бэ. ОУВС-гийн хөтөлбөрт ямар хүлээлттэй байна вэ. Орон сууцны зээлийн хүүг зургаан хувь болгоно гэж байгаа. Зөрүү хоёр хувийг нь хааш нь шингээж байгаа юм бэ?

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: 2021 онд болгоомжтой хандаж байгаа хоёр шалтгаан байгаа. Хорио цээрийн дэглэм сулруулснаас хойш эдийн засаг сэргэж байгаа. Ялангуяа огцом унаад, огцом сэргэнэ гэсэн тооцооллоор манай эдийн засаг ирэх жил сэргэнэ гэж харагдаж байгаа. Дэлхийн банк тооцооллоороо 2021 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг таван хувь гэж гаргасан. Эдийн засаг огцом сэргэхтэй холбоотойгоор инфляц өсөх магадлал өндөр гэж үзээд зургаа байна гэж тооцсон. Ипотекийн зээлийн найман хувийн бүтцэд санхүүгийн зуучлагч хийж байгаа МИК 1.76 хувийг эрсдэлийн сан хэлбэрээр өөртөө авч үлддэг. Зургаан хувь руу шилжүүлэхэд эрсдэлийн сангийн нэг хувийг буулгаж байгаа. Нэг хувийг банкуудыг эх үүсвэрээ буулга гэдгээр зохицуулж байгаа. Нэг үгээр хэлбэл, нэг хувь нь МИК-ээс, нэг хувь нь банкны салбараас гаргаж байгаа. Ипотекийн хөтөлбөр бол найман хувийн хөтөлбөр байгаа. Банкинд найман хувийн зээл олгох хөтөлбөр байхгүй. Өнөөдөр найман хувийн хөтөлбөр дотроос ямар зардлыг хэмнэж болохоор байна, хаанаас хэмнэлт гаргаж болохоор байна гэдгээ судлаад Их хуралд өгсөн. Өмнө нь олгосон зээлийг зургаан хувь руу шилжүүлэхгүй. Харин шинээр гаргах зээлийг зургаан хувиар өгөх боломжтой гэж үзэж байгаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Зарим хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаана гэсэн. Монголбанк санхүүтэй холбоотой хуулийн төслийг үргэлжлүүлээд хэлэлцүүлээд явуулах саналтай байна уу. Чанаргүй зээлийг барагдуулж байгаа дундаж хугацаа 4.6 жил гэж байна. Шүүхийн бус журмаар зээлийг барагдуулж байгаа нь хугацааны хувьд хоёр дахин бага байна гэж байна. ШШГЕГ-аас тусдаа зээл авлагыг барагдуулах тусгай бүтэц байх ёстой гэж үздэг үү.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Монголбанк хууль өргөн барьдаггүй учраас хууль эрх зүйн асуудал их чухал байдаг. Нэлээд олон хуулийг УИХ-д өргөн барьсан байгаа. Монголбанк энэ хуулиудыг татаж авах бодол байхгүй. Цааш нь хэлэлцүүлээд явуулах зорилготой. Өнөөдөр байгаа дундаж хүүний 60 хувь нь эх үүсвэрийн хүү. 17 хувь нь муу зээлтэй холбоотой эрсдэлийн сан байгуулж явдаг. Эрсдэлийн сан нь нийт зээлийн 10 хувь буюу 1.5 их наяд байгаа.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Тэтгэврийн зээлийг тэглэнэ гээд нэг сая төгрөгийн эрхийн бичиг өгсөн. Тэр нь хэзээ мөнгөжих вэ. Энэ мөнгийг өгөх хэвээрээ байгаа юу. Нэлээд олон хуулийн төслийг өмнөх гишүүд өргөн барьсан. Гэтэл дахин сонгогдоогүй гишүүдийн өргөн барьсан хуулийн төслийг буцаана гэж байна. Монголбанк мөнгөний бодлоготой холбоотой ямар хуулийн төслүүд оруулж ирсэн бэ. Банкны салбар хэр эрүүл байгаа вэ. Чадвахжуулах тал дээр ямар ажил хийсэн бэ?

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Оны эхээр тэтгэврийн зээлийг тэглэх том арга хэмжээ хэрэгжүүлсэн. 700-аад тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэсэн. Банкан дээрээ байсан зээлийг тэглэж байгаа учраас банкны эх үүсвэр гэсэн үг. Эрдэнэс Монгол компанийн бондыг тавьсан. Дийлэнх хэсэг нь банкан дээр байгаа. Монголбанк Ковидын хуулийн дагуу тодорхой хэсгийг нь мөнгөжүүлээд явж байгаа. Наймдугаар сард нэлээд хэсгийг буюу 240 гаруй тэрбумыг мөнгөжүүлсэн. Есдүгээр сард 150 орчим тэрбум төгрөгийг мөнгөжүүлсэн. Үнэт цаас таван жилийн хугацаатай гарсан учраас таван жилийн дотор төлж дуусах ёстой.

Монголбанк худалдаж авсан алтаа гадаадад цэвэршүүлдэг. Маш бага зардлаар цэвэршүүлээд гадаад байршуулаад ам.доллар руу зарж болдог.

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.209.131)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.