Сошиал найз: Залуусын зүрхэн дэх монгол мөрөөдөл
Үйл явдал
/
2020-10-02

СОШИАЛ НАЙЗ: ЗАЛУУСЫН ЗҮРХЭН ДЭХ МОНГОЛ МӨРӨӨДӨЛ

Сур: Сайн байна уу. Өөрийгөө танилцуулаад, Юуг өрнүүлж, бүтээж яваа талаараа ярина уу?

Б.Азжаргал: Сайн, сайн байна уу. Намайг Батбаярын Азжаргал гэдэг. Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрж, өссөн, одоо “НИК” ХХК-ын Өмнөговь салбарын даргаар ажилладаг. Үндсэн ажил маань борлуулалт, үйлчилгээ, аюулгүй ажиллагаа, хүний нөөцийг удирдан зохион байгуулах, гадагшаа харилцагч байгууллагуудтай харилцах гэх мэт олон чиглэлийн үйл ажиллагааг гардан хийж явна.

Сур: Та сошиалд их идэвхитэй байдаг. Амьдрал дээр нийгмийн идэвхи хэр вэ?

Б.Азжаргал: /инээв/ Сошиал орчин хүмүүсийн хэрэглээ болоод удаж байна. Миний хувьд идэвхитэй хэрэглэгч нарын нэг. Нийгэм болон олон улсад болж буй үйл явдлууд цаг алдалгүй мэдээлэгдэж байдаг нь таалагддаг. Би мэргэжлийнхээ дагуу Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтад харьяалагдаж, Өмнөговь аймаг дахь салбарын удирдах зөвлөлийн гишүүнээр 8 дахь жилдээ ажиллаж байна. Мөн Өмнөговь аймгийн ажил олгогч эздийн холбооны тэргүүний ажлыг 2020 оны 06 сард авч, ажилтайгаа танилцах, цаашид ажиллах төлөвлөгөөгөө гарган, эзэмшвэл зохих ур чадвар, мэдлэгээ дээшлүүлэх чиглэлээр суралцаж байгаа, мөн Босоо хөх монгол НҮТББ-ын Өмнөговь аймаг дахь салбарт харьяалагдаж, үйл ажиллагаанд тогтмол оролцдог, мөн Зөв сэргэн мандалтыг дэмжих холбоо НҮТББ-ыг үүсгэн байгуулж, олон нийтийг соён гэгээрүүлэх, төрөл бүрийн боловсрол олгох чиглэлээр бусад хүмүүс, байгууллагуудтай хамтран ажилладаг.

Сур: Залуу хүний хувьд маш их завгүй ажилладаг бололтой. Зөв сэргэн мандалтыг дэмжих гэдэг нэр их анхаарал татаж байна.

Б.Азжаргал: Хүн бол нийгмийн нэг хэсэг, нийгэм нь болохгүй байвал засч залруулах ёстой, гар бие оролцох ёстой. 1990 оноос хойш нийгмийн өөрчлөн байгуулалтууд хийгдсээр байна. Өнөөдөр 30 дахь жилдээ боловч бүрэн хөгжил дэвшлийн зам руу орж, нийгэм хүн ардынхаа тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж чадаагүй байна. Мэдээж алдаа оноотой 30 жилийг ардаа үлдээсэн бид алдаагаа засч, ололт амжилтаа бататгаж сэргэн мандах 30 жилийг эхлүүлэх ёстой, үүнийг ирэх 30 жилд хариуцлага үүрэх, улс орноо түүчээлэн авч явах залуучууд манлайлан хийх ёстой гэж бодож, өөрийн болон үзэл бодол нэгтэй хүмүүстэй хамтарч ТББ-аа байгуулсан.

Сур: Таны цахим хаяг дахь нийтлэл бичвэрүүдийг харахад хурц үг, шүүмжлэл ихтэй байсан, дэмжиж уншдаг хүмүүс ч цөөнгүй байна лээ. Өөрөө бичдэг үү.

Б.Азжаргал: Өөрөө бичилгүй яахав. Бидний амьдарч буй нийгэм, эдийн засгийн орчинд маш их сөрөг асуудал, бухимдлууд байна. Түүнийг ойлгомжтой хэмлбэрээр, уг шалтгааныг нь өөрийн бодлоор тайлбарлаж бичдэг. Эрх баригчдын зарим шийдвэрүүд үнэхээр эх орон болон ард иргэдийн эсрэг, хохироохоор байдагт бухимдаж шүүмжилдэг. Сайжруулалт нь шүүмжлэл алдаагаа олж засахаас эхэлдэг гэж би боддог. 2017 оноос цахим орчинд өөрийн бодол санаагаа бичиж эхлэхэд зоригтойгоор үзэл бодлоо нийтэд дэлгэдэг хүн их ховор байлаа. Аль нэг талыг барьдаггүй учраас хүмүүст их таалагддаг юм шиг байгаа юм. Одоо бол хүмүүс цахимд маш их үзэл бодлоо илэрхийлдэг болсон. Эх үүсвэргүй, сенсааци тарих зорилготой хуурамч хаягнуудаас худал мэдээлэл их тавьж ард иргэдийг талцуулах гэх мэт асуудлууд их гардагт эмзэглэдэг.

Сур: Таны зорилго, мөрөөдөл юу вэ?

Б.Азжаргал: Хүн болж төрснийх эх орон, ард түмэндээ хэрэгтэй зөв үйл бүтээж, үр удмаа зөв сайхан хүмүүжүүлэхсэн л бодож зорьдог. Мөрөөдөл гэвэл Монгол эх орноо хүчирхэг, монгол түмэндээ сайхан амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд гар бие оролцож, түүхэн үүргээ гүйцэтгэсэн юмсан л гэж боддог. Улс орны маань нийгэм, эдийн засаг сайхан болоод, хүн ард нь аз жаргалтай сайхан байвал хувь хүн гэр бүл ч сайн сайхан амьдрах нөхцөл нь бүрдэнэ гэж боддог.

Сур: Хүн бүр л ирээдүйгээ сайн сайхнаар төсөөлдөг байх, та юу гэж төсөөлж байна вэ?

Б.Азжаргал: Мэдээж тийм байлгүй яахав. Миний хувьд ирээдүйд мөрөөдлөө л биелүүлсэн байх, сэтгэл хангалуун өтөл насандаа жаргаж суухсан л гэж бодож байна.

Сур: Улс орон маань өр зээл ихтэй, төсөв алдагдалтай, хүн ард нь ядуу гээд олон асуудлууд байна. Таны бодлоор гарц харагдаж байна уу.

Б.Азжаргал: Гарц мэдээж бий. Тэр гарцыг олохгүй байх нь зарим хүмүүс ашигтай байдаг байх гэж харддаг. Эх орон маань маш их байгалийн баялагтай, түүнийгээ хангалттай хэмжээгээр олборлож байхад улс нь ядуу, бүр өр зээлтэй, иргэд нь бас ядуу байна гэдэг маш том алдаа завхрал байгааг харуулж байгаа юм. Авилга, оффшор гэж мэт асуудлууд байгалийн баялагийг лиценз хэлбэрээр гадна, дотны цөөхөн хүмүүс эзэмшиж, ашиглаж эхэлснээс хойш гарсан. Өнөөдрийн байдлаар Монгол Улс хэдэн мянган тонн алттай байсан ч үр ашгийг цөөхөн хүмүүс хувьдаа завшаад байвал улс нь ч тэр, иргэд нь ч ядуу хэвээрээ л байна. Төрийн эрх барих, шийдвэр гаргах дээд байгууллагуудад өөрийгөө бус олон ард иргэдээ боддог, эх орон ард түмнээ нэгдүгээрт тавьдаг, сэтгэл, зүтгэлтэй эх оронч, суурь ухаан сайтай, уугуул монгол хүмүүс гарвал асар богино хугацаанд одоогийн үүссэн асуудлууд эерэгээр шийдвэрлэгдэнэ.

Сур: Та бол хүндээ байна л гэж хараад байна. Тиймүү?

Б.Азжаргал: Тийм. Хулгайч хүн хулгай хийнэ, Худалч хүн худлаа л ярьна. Муу хорон санаат хүнээс хорон үйл л гарна. Өвөг дээдэс маань Тэнгэрийн муухай арилдаг, Хүний муухай арилдаггүй гэж сургасан байдаг. Бид хүнээ танилгүй хорон муу санаатай хүмүүсийг сонгож удирдлуулснаар улс орноо, өөрсдөө ийм ядарсан байдалд орууллаа шдээ. Тиймээс зөв зорилго мөрөөдөлтэй, улс орныхоо төлөө зөв үйл бүтээж чадах хүмүүсийг дэмжиж, улс орноо удирдлуулах л шаардлагатай. Муу муухай хорон үйл хийгчдийг сайн сайхан болно гэж итгэж найдсан нь бидний л алдаа байхгүй юу.

Сур: Та орон нутагт амьдардаг хүн. Шийдвэрлэвэл зохих асуудлууд хэр их байдаг вэ?

Б.Азжаргал: Манай Өмнөговь аймаг уул уурхайн нөлөөгөөр бусад аймгуудаас илүү хөгжиж чадаж байгаа. Удирдлагууд маань ч их ажил хийж байгаа. Бүр их зүйл хийх боломж бий гэж хардаг. Үе үеийн аймаг, сумын удирдлагууд маань бүтээн байгуулалтанд л бүх анхаарлаа хандуулаад байгаа нь учир дутагдалтай санагддаг. Төсвийнхээ дор хаяж 30 хувийг ирээдүйд орлого олох, уул уурхайнуудын импортын хэрэглээг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, уул уурхай зогсвол тэндээс орж ирэх орлогыг нөхөх хэмжээний дараагийн салбарыг дэмжихэд зарцуулах ёстой. Газраа ухсан баялагаа зараад газар дээр шавар цемент овоолоод байж болохгүй гэсэн санаа. Төрд биенесмэн хүмүүс байвал төсвийн орлогыг нэмэх байх гээд баахан бизменмэнүүдийг улс төрд орууллаа шдээ. Уг нь бол бизнес санаа гаргаад төсвөө нэмэгдүүлэх, үр ашигтай зарцуулах, үр ашигтай хөрөнгө оруулалтуудыг хийх гэх мэт давуу талтай байсан боловч нөхдүүд өөрдийнхөө бизнесийг дэмжээд, төсвөөр бизнес хийгээд эхэлсэн дээ.

Сур: Та дээрх асуудлуудыг шийдвэрлэх гарцыг юу гэж харж байна вэ?

Б.Азжаргал: Дээр хэлсэн, бүрдүүлсэн төсвийнхөө дор хаяж 30 хувийг ирээдүйд үр өгөөжөө өгөх үйлдвэр, тоног төхөөрөмж, хүний нөөцийг хөгжүүлэхэд зарцуулах ёстой. Бусад улс орнууд бэлтгэсэн инженер, зохион бүтээгчдээрээ технологийн шинэ шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж түүгээрээ өрсөлдөж, хөрөнгө босгож байна. Бид хөгжингүй улсуудаас хол хоцорсон, өнгөрсөн зуунд үеэ өнгөрөөсөн аж үйлдвэрийн хувьсгалыг л мөрөөдөж, хийж чадахгүй л сууцгааж байна даа. Сүүлийн үеийн утас, машин үйлдвэрлэдэггүй юм аа гэхэд малаас гарч буй бүтээгдэхүүнээ бүрэн боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн хийх, баялагийн баялагийнхаа тодорхой хэсгийг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн хийх гэм мэт орчин үеийн үйлдвэрүүдэд бодлогоор хөрөнгө оруулах шаардлагатай гэж үздэг. Дагаад ажлын байр, нэмүү өртөг бий болно, дагасан үйлчилгээний салбарууд хөгжнө, гадагшаа урсдаг мөнгөний урсгалыг багасна гэх мэт олон ач холбогдолтой.

Сур: Танай орон нутагт үйлдвэрлэл хөгжих боломжтой юу?

Б.Азжаргал: Хамгийн их боломжтой. Олон улсын стандартад нийцсэн, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл худалдан авах том том уурхайнууд хажууд байна. Төр нь ч тэр, хувийн хэвшлийнхэн ч тэр нэгдээд хөрөнгөө босгоод том үйлдвэрийг босгоход зорих хэрэгтэй. Дан дангаараа жижигхэн зүйл хийгээд үйлдвэрлээд явах нь эрсдэлтэй. Орон нутгаас ядаж аж үйлдвэрийн бүсийн газрыг дэд бүтэцтэй нь шийдвэрлээд, хөрөнгө санхүү босгоход нь туслаад, худалдан авагч талд зуучлаад өгвөл хувийн хэвшлийнхэн үйл ажиллагааг нь хангалттай удирдаад хөл дээр нь үйлдвэрүүдийг босгож чадна. Гагцхүү улс төрийн нөлөө, төрийнхний хувийн ашиг сонирхлоос л хол байлгах нь чухал.

Эдийн засаг, нийгмийн өндөр хөгжилтэй орнуудыг харахад бүгд маш хүчирхэг үйлдвэрлэгч нар л байна. Тиймээс бид үйлдвэрлэгч орон болох нь хамгийн чухал гэж харж байгаа.

Сур: Та өөрөө үйлдвэрлэгч болох уу.

Б.Азжаргал: Хүн бүрт хийж чаддаг зүйл, чаддаггүй зүйл гэж бий. Надад зохион байгуулах, төлөвлөх, бусдад боломж олгох, нийтийг төлөөлөх, эрх ашгийг хамгаалах, судалгаа хийх чадвар бий. Надаас илүү үйлдвэрлэл эрхэлж, хөгжүүлж чадах хүмүүсийг дэмжих, тэдэнд таатай нөхцөл бий болгох талд нь ажиллах нь надад илүү тохиромжтой гэж боддог.

Сур: За танд амжилт хүсье.

Б.Азжаргал: Баярлалаа.

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.133.54)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.