Ж.Амгалан: Түгжрэлийн эсрэг автомашинуудыг ажлын таван өдөрт ТЭГШ СОНДГОЙГООР явуулаад үзье
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-10-02

Нийслэл Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар Улаанбаатар хотын замын түгжрэлийг хэрхэн шийдэх талаар хэлэлцлээ. Улаанбаатар хот нь 1150 км авто замын сүлжээтэй, үүнээс 779 км нь төвийн сүлжээнд хамаардаг, хамгийн их ачаалал авдаг зам аж. 2020 оны 10 сарын 01-ний өдрийн байдлаар нийт 604 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байгаа ба үүнээс 340 орчим мянга нь үзлэг оношлогоонд хамрагдаагүй байдаг аж. 

Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрыны дарга С.ЭНХТӨР:

-Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдөр 604800 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй ч техникийн улсын үзлэгт хамрагдаагүй 340 мянган автомашин байна. Энэхүү тээврийн хэрэгслийн 65 хувь нь буруу талдаа хүрдтэй автомашин эзэлдэг бол 70 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай. Замын тээврийн осолд орж,  сэлбэгийн зориулалттайгаар импортлогдсон байтлаа  улсын дугаар авч хөдөлгөөнд оролцдог автомашин тодорхой хувийг эзлэх болсон. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөн жолоочид 2015 оноос бэлэн бусаар торгууль ногдуулдаг болсноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 4.5 сая удаагийн торгууль ногдуулснаас 2.6 сая тохиолдлын торгууль төлөгдөөгүй.  Одоогоор 10-аас дээш торгууль авсан 63009 тохиолдол байна. Нийслэлийн хэмжээнд 2020 оны аравдугаар сарын 1-ний байдлаар 72450 тээврийн хэрэгсэл шинээр бүртгэгдсэн. Энэ нь өдөрт автомашины урсгал 210-230-аар нэмэгдэж орж ирж байна гэсэн дүгнэлтэд хүргэж байгаа. Олон улсын жишгээр 1 сая хүн амтай хотод 1000 автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явах ёстой. Улаанбаатар хотын хүн ам 1.6 саяд хүрсэн ч 903 том оврын автобус үйлчилдэг. Өөрөөр хэлбэл, 500-600 том оврын автобус нэмж үйлчилгээнд гаргаж байж, хүртээмжийг нэмэгдүүлнэ. Иймээс яаралтай том оврын автобусны тоог нэмэх, дугуй замыг нэмэгдүүлэх, зөрчилтэй жолооч, зөрчилтэй тээврийн хэрэгслийн хөдөлгөөн дээр хяналт тавьж ажиллах, ажлын цагийн уян хатан зохицуулалт хийх зэрэг арга хэмжээ авах шаардлага үүсч байна.

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ж.АМГАЛАН:

-Одоо байгаа тээврийн хэрэгсэл нь Улаанбаатар хотдоо багтахаа байсан. Түгжрэл үүссэний дараа гал унтраах, түргэн тусламж үзүүлэхэд хүндрэл учирч байна. Энэ жил автомашины зургаан сери задарч, 55,9 мянган тээврийн хэрэгсэл шинээр хөдөлгөөнд оролцож байна. Өдөрт 100 мянган тэжэврийн хэрэгсэл зогсоогоод байхад түгжрэл буурахгүй байна. Одоо энэ намар, өвлийг яаж давах вэ гэвэл ажлын таван өдөр ч автомашинаа тэгш, сондгойгоор явуулаад үзэх. Албадлагын арга хэмжээ авч болох ч иргэдээсээ асуух нь зөв гэж үзэж байна. Зоригтой шийдэл хэрэгтэй.  Ойрын хугацаанд авах арга хэмжээ үүнээс өөр байхгүй. Судалгаа хангалттай байна. Гадаадынх ч байна, дотоодынх ч байна. Хийгээгүй судалгаа алга гэдгийг онцоллоо

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.107.193)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.