Нийслэлийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа та нүдээ нээ
Үйл явдал
/
2020-10-05
Нийслэлийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа та нүдээ нээ


УИХ-ын хоёр ч сонгуулиар үнэмлэхүй ялагдал хүлээсэн АН удирдлагуудаа “хөөж” явуулсны дараа үүрэг гүйцэтгэгчид томилсон. Орон нутгийн сонгуулийн өмнө үүрэг гүйцэтгэгч нараа жинхлэх сонгууль болох байсан ч дотоод зөрчил, хүлээн зөвшөөрөгдөөгүй үүрэг гүйцэтгэгч нартайгаа орон нутгийн сонгуульд орохоос өөр сонголтгүй болсон билээ. Аймаг, нийслэлийн төлөөлөгчдөө сонгох чухал сонголтын өмнө Нийслэлийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Пүрэвдаваа томилогдсон.

Ийн П.Пүрэвдаваагаар удирдуулсан Нийслэлийн АН энэ удаагийн сонгуульд хамгийн их ач холбогдол өгч, нэр дэвшигчдээ ч тэр өөрөө сонгосон. Үүнтэй зэрэгцээд ШИНЭ, МАХН зэрэг намуудтай нэгдэж, орон нутгийн сонгуульд оролцуулсан нь намын анхан шатны нэгж, гишүүд дэмжигчдийнх нь бухимдлыг хүргээд байгаа гэж АН-ынхан хэлж буй. Олон ч гишүүд нь байр сууриа илэрхийлээд байгаа билээ.

Ялангуяа МАХН, ШИНЭ намтай гар барьсанд олон гишүүд нь бухимдалтай байгаа гэнэ. Итгэл үнэмшил, үнэт зүйлээсээ ухарсан энэ үйлдэлдээ харин нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Пүрэвдаваа сэтгэл хангалуун байгаа гэнэ. Тэрбээр “Шүүмжлэл дагуулж байна гэдэгт би өөр байр суурьтай байгаа. Шүүмжлэл хэлж байгаа хүмүүс нь МАН-ын төлөөлөл, эсвэл нэрээ нуусан харлуулагчид л байна. АН-ын анхан шатны гишүүдтэй уулзаад, нөхцөл байдлаа тайлбарлахад ямар ч сөрөг байр суурь илэрхийлээгүй. 2000 онд АН УИХ-д ердөө ганцхан суудал авч байсан. Тэгвэл 2000 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр ардчиллын төлөөх 5 нам нэгдсэн. Түүний дараа 2004 онд сонгуульд оролцоход АН 38 суудал авч байсан. Өнөөдрийн тулгамдсан асуудлуудыг оновчтойгоор шийдвэрлэхийн тулд бид хамтарч ажиллах нь илүү өгөөжтэй” гэж хэвлэлд ярилцлага өгчээ.

Мэдээж өнөөдөр тулгамдаж буй асуудлыг шийдэхэд нам, улстөрчид хамаарахгүй нэгдэж ажиллах нь зүйтэй ч ардчиллын үнэ цэнээр бий болж нэгдсэн Ардчилсан намын үнэт зүйлтэй харшлах үйлдлээ цайруулах гэсэн тань буруудаж, олон ардчиллын партизанууд, ардчиллыг дэмжигчдийн дургүйг хүргэнэ, Д.Пүрэвдаваа дарга аа. Таны хэлсэн ардчилсан намыг бий болгосон, ардчиллын төлөө зүтгэж явсан намууд одоогийн нэг хөнжилд орсон МАХН чинь эсрэг тэмцэж ирсэн түүхтэй юм шүү. МАХН-ын эсрэг анх АРДЧИЛСАН сонгууль болж, ардчилал ялж байсан юм шүү. Төдийгөөс өдий хүртэл МАХН-тай, МАН-тай өрсөлдөж явсан АН өнөөдөр МАХН-ын хаяаг түшиж, өвөр түрийндээ орохдоо тулсан нь танай намын дотоод тэмцэл, удирдлагын буруу болохоос АН-ын жирийн гишүүд, дэмжигчдийн хүсэл биш!

Эцэст нь хэлэхэд, Д.Пүрэвдаваа даргаа та НҮДЭЭ НЭЭ. Хөрсөндөө бууна уу. МАХН-ын эсрэг тэмцэж, ардчилсан сонгууль болж, ардчилал ялж байсны үр дүнд та өнөөдөр нэр дэвшиж, үгээ хэлэх эрх чөлөөгөө эдэлж, намын хороо удирдаж яваа юм шүү.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.113.163)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.