Н.Учрал: E-Mongolia аппликейшныг нэвтрүүлснээр төрийн албан хаагчдын тоо буурч, ТҮЦ машин хэрэггүй болно
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-10-05

УИХ-ын гишүүн, Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал мэдээлэл хийлээ. Тэрбээр "Технологийн дэвшлийг иргэдэд хүргэхийн тулд хууль эрх зүйн орчинг сайжруулах шаардлагатай. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын Инновац цахим бодлогын байнгын хорооноос Мэдээллийн аюулгүй байдлын хууль, Мэдээллийн өгөгдөл хамгааллын хууль, Төрийн цахим харилцааны хууль гэсэн гурван багц хуулийг УИХ-д өргөн барихаар ажиллаж байна. Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас гаргадаг дэлхийн кибер аюулгүй байдлын индексээр манай улс 164 орноос 85 дугаар байранд, НҮБ-аас гаргадаг индексээр 192 орноос 92-т, иргэдийн цахим оролцооны индексээр 87-р байранд байна.Төрийн бүх үйлчилгээ таны гар утсанд очлоо. 10 дугаар сарын 1-нээс туршилтын хэлбэрээр эхлүүлсэн E-Mongolia аппликэйшн иргэдийн дунд хамгийн эрэлт өндөртэй аппликэйшнээр нэрлэгдлээ. Одоогоор төрөөс иргэдэд үзүүлдэг 110 төрлийн үйлчилгээг шууд гар утас, компьютер зэрэг төхөөрөмжөөсөө авах боломж бүрдээд байгаа бөгөөд өнгөрсөн 5 хоногт Иргэний цахим үнэмлэхний сунгалт, гадаад пасспорт болон жолооны үнэмлэхний захиалгын үйлчилгээнүүд хамгийн өндөр хандалттай байлаа. Цаашид энэ тоог нэмэгдүүлж ойрын хугацаанд нийтлэг 181 төрлийн үйлчилгээг багтаах бөгөөд урт хугацаандаа төрөөс үзүүлдэг нийт 11,250 орчим үйлчилгээг бүгдийг нэг дор төвлөрүүлэхээр зорин ажиллаж байна.

Технологийн хувьд цахимд шилжсэн ч иргэдээс цаасан материал нэхдэг хэвээр байна. Иймээс Төрийн цахим харилцааны хууль шаардлагатай байна. Үүнийг намрын чуулганаар хэлэлцэж батална.  E-Mongolia аппликейшныг хэрхэн хэрэглэх вэ гэдэг сургалтыг зохион байгуулах хэрэгтэй. E-Mongolia апп хэрэглэж эхэлснээр ТҮЦ машин хэрэггүй болж байна. Бид тагнуулын байгууллагатай хамтарч мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд УИХ-ын хүрээнд шалгалт зохион байгуулах саналыг хүргүүлсэн.

Мэдээллийн аюулгүй байдлын хууль өмнө нь хариуцах газрын маргаанаас болж батлагдаагүй. Мэдээллийг хадгалж, хамгаалж байгаа байгууллага нь нэг байж болохгүй. E-Mongolia аппликейшныг нэвтрүүлснээр төрийн албан хаагчдын тоо буурна. Гэхдээ төрийн албаны чадавх нэмэгдэж, албан хаагчдын цалин нэмэгдэнэ. Дашрамд уг төслийг маань дэмжиж E-Mongolia аппликэйшнд нэвтрэхэд ДАТА шаардахгүй, үнэгүй болгосон бүх үүрэн телефоны үйлчилгээ үзүүлэгч компаниуддаа баярлалаа. Хууль эрх зүйн орчин шийдэгдэж байна, төслийг Засгийн газар, холбогдох агентлаг хийгээд гүйцэтгэчихлээ. Одоо иргэдэд ашиглуулж хэвших, тэдний хэрэглээг нэмэгдүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллага, үүрэн телефон харилцаа холбооны компаниуд энэ мэтчилэн манлайлал үзүүлж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.122.127)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.