С.Хүрэлбаатар: Японы Зүүн Хойд Ази дахь гол түнш нь Монгол гэдгийг илэрхийлэх АЙЛЧЛАЛ болно
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-10-08

Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Япон Улсын гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол улсад албан ёсны айлчлал хийхээр болсон билээ. Уг айлчлалын хүрээнд Япон улсын гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхана. Мөн Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Япон улсын гадаад хэргийн сайд Т.Мотэги нарын ганцаарчилсан уулзалтаар хоёр улсын нийгэм эдийн засаг, улс төрийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээ болох юм.

Айлчлалын үр дүнгийн талаар Япон Улсад хоёр удаа Монгол Улсыг төлөөлж Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар ажилласан, мөн Гадаад харилцааны яамны Азийн газрын даргаар олон жил ажилласан ахмад дипломатч С.Хүрэлбаатараас тодруулахад "Өнгөрсөн онд Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коно манай улсад айлчилсан. Т.Мотэги сайд COVID-19 цар тахал намжаагүй, хөл хорио тавигдаагүй байгаа хүнд үед Монгол Улсыг зориуд зорин ирж байгаад баяртай байна.

Энэ нь Япон Улсын гадаад бодлого дахь Монгол Улсад өгч байгаа ач холбогдол нэмэгдэж байгаагийн илрэл юм. Ерөнхий сайд асан Ш.Абэ Монгол Улс нь Зүүн Хойд Ази дахь Японы стратегийн чухал түнш гэж мэдэгдэж ирсэн шүү дээ. Энэ бодлого үргэлжлэн гүнзгийрч, бүс нутагт бие биеэ орлуулшгүй чухал түнш болж байна. Хоёр тал улс төрийн яриа хэлцлийг өндөр дээд хэмжээнд тогтмол явуулж байгаа нь Монгол, Японы стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд чухал нөлөөтэй. Энэ нь Монгол Улсын олон тулгуурт гадаад бодлого буюу тэнцвэр барих бодлого хэрэгжихэд тустай юм" гэлээ.

Шимизү Такэнори: Тус айлчлал Монгол Улстай хөгжүүлж буй харилцааг чухалчилж үздэгийн илрэл 

Тус айлчлалын хүлээгдэж буй үр дүнгийн талаар Япон Улсаас Монгол Улсад Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар ажиллаж байсан Шимизү Такэнори-гоос тодруулав. 

Тэрээр "Гадаад хэргийн сайд Т.Мотэги-ийн Монгол Улсад хийх айлчлал хоёр орны харилцаатай холбоотой сүүлийн үед сонссон хамгийн баярт мэдээ байлаа. “COVID-19” цар тахлын улмаас Япон, Монголын харилцаа зогсонги байдалд хүрээд байна. Миний хувьд, энэ оны 3 дугаар сард хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан “Хайрын улирал” концерт, Монгол Улсын Шинжлэх ухаан, техникийн их сургуульд тавих байсан илтгэл, Японы Чюүо их сургуулийн удирдлагуудын Монголд хийх айлчлал, Олон улсын анагаах ухаан, нийгмийн хамгааллын сургуулийн элсэлтийн шалгалт, оюутнуудын дадлага, судалгаа гээд бүх ажлуудаа цуцлахаас өөр аргагүйд хүрсэн.

Энэ жил хоёр дахь эх орон болсон Монголдоо очиж ч чадсангүй. Би хүмүүс хоорондын харилцаа улс хоорондын харилцааг хөгжүүлэх гол суурь нь болдог гэж итгэдэг. Ийм учраас энэ удаагийн өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээ нэн чухал ач холбогдолтой юм. Хоёр улсын Гадаад хэргийн сайд нарын хэлэлцээ “COVID-19” цар тахлын хүндрэл бэрхшээлийг даван туулж Монголд хэрэгжих болсон нь Япон Улс эрх чөлөө, ардчилал зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улстай хөгжүүлж буй харилцааг чухалчилж үздэгийн илрэл гэж хэлж болно. Япон, Монголын харилцааг хөгжүүлэх чин хүсэлтэй япон иргэдийн талархлыг хоёр орны Гадаад хэргийн яамны холбогдох албаныханд дамжуулахыг хүсье. Энэхүү айлчлал “КОВИД-19” цар тахлын дараах хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг үсрэнгүй хөгжүүлэхэд түлхэц болоосой хэмээн найдаж байна" гэлээ.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.27.178)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.