Ц.Элбэгдоржид холбогдох хэргийг шалгаж дуусаад ПРОКУРОРТ шилжүүлжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-10-15

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 01 дүгээр сард Прокурорын байгууллагад ажиллахдаа "Би Халтмаагийн Баттулга гэдэг иргэнийхээ хувиар би хандаж байна. Бидний мэддэг Тавантолгойн тухай хэдэн мэдээлэл өгье. Ард түмний өмч Тавантолгойг гэрээгээр халхавчлан гадныхан 100 жилээр хууль бусаар өгөх гэж байхад 2015 онд УИХ ын 40 гишүүн авч үлдсэн юм. Би тэдний нэг. Эрдэнэс Тавантолгойн захирал Жаргалсайханыг би авчирсан юм. Энэ хуйвалдааныг төрийн өндөр албан тушаалтан Цахиагийн Элбэгдорж гардан гүйцэтгэх ажлыг зохион байгуулсан. Төрийн өмчөөр нөөцийг нь тогтоосон орд газрыг гадаадын компанид хууль бусаар өгөх гэж байсан. Үүнийг яагаад одоо болтол шалгахгүй байна вэ. Үүнтэй холбоотойгоор шалгана уу.  Иргэн Х.Баттулгын хувьд 178 хуудас баримтыг гардуулж байна. Энэ хэргийг шалгуулья" хэмээн өгч байсан билээ. Тэгвэл АТГ-аас тус хэргийг шалгаж дуусчээ. 

Тодруулбал АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 дахь хэсгийн “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан” гэх хэрэгт шалгасан.

Тодруулбал, Ц.Элбэгдоржийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн тухай хууль болон бусад хуулийг зөрчиж нэр бүхий аж ахуйн нэгж, түүний охин компаниудад давуу байдал олгосон гэх үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэж, Нийслэлийн прокурорын газраас 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр яллагдагчаар татсан юм. Мөн Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг доройтуулсан, оффшортой холбоотой гэх үйлдлүүдийг шалгаж байгаа гэх мэдээллийг холбогдох байгууллагаас өгч байв. Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын үйл ажиллагаа дууссан байна. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид уг хэргийг нотлогдсон гэж үзэж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын хяналтад шилжүүлсэн гэжээ

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.128.105)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.