У.Хүрэлсүхийн ОНЦЛОХ ҮГ: Манай Засгийн газар 9.3 их наяд төгрөгийн өр, зээлийг төлсөн
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-10-17

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн талаар УИХ-ын чуулганд хэлсэн үгнээс ОНЦЛОХ ХҮРГЭЖ байна... 

Улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2020 оны тодотголын түвшнээс 2.1 их наяд төгрөгөөр нэмэгдэж 11.8 их наяд төгрөгт, нийт зарлага 2020 оны тодотголоос 625.9 тэрбум төгрөгөөр буурч 13.9 их наяд төгрөгт хүрэх ба тэнцвэржүүлсэн тэнцэл 2.2 их наяд буюу ДНБ-ий 5.1 хувьд хүргэж төсвийн үзүүлэлтүүдийг сайжруулсан болно.

2020 оны хувьд хэн ч урьдчилан төсөөлөөгүй COVID-19 цар тахлын улмаас улсын эдийн засгийн өсөлт энэ оны эхний хагас жилд 9.7 хувиар, нийт экспорт 28 хувиар, уул уурхайн экспорт 25 хувиар, нийт импорт 15 хувиар тус тус буурч, төсвийн орлого үлэмж хэмжээгээр тасраад байна. 

Засгийн газар иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжийг дэмжих, эдийн засгийг идэвхжүүлэх шат дараалсан бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, нийт эрэлтийг дэмжсэний үр дүнд манай орны ард иргэд, эдийн засаг коранавируст цар тахлын энэ хүнд үеийг хохирол багатайгаар даван туулж байна.

Сүүлийн үед Ардын Намын Засгийн газрын үед төсвийн алдагдал, өр нэмэгдсэн мэтээр улс төр хийж байгаа нь бодит үнэнийг гуйвуулсан, зохимжгүй үйлдэл гэдгийг цохон тэмдэглэж цөөн хэдэн тоог эргэн сануулъя! 

Судалгаа тооцоогүй өр үүсгэж, Монгол Улсын Хөгжлийн банкаар дамжуулан төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй төслүүдэд зарцуулсан Чингис бондын 1.5 сая ам.доллар, Дим сам, Мазаалай, Хөгжлийн банкны 580 сая ам.долларын Евро бондын өрийг төлөхөд ашигласан Хуралдай бондын өр, Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэхээр гаргасан 1.0 их наяд төгрөгийн Засгийн газрын үнэт цаасны өрийг Монгол Улсын төлбөрийн тэнцэл, төсөвт дарамт үзүүлэхгүй арга замуудаар төлж байна.

Манай Засгийн газар өрийн удирдлагыг зөв хэрэгжүүлсний дүнд өр үүсгэх зорилгоор нэг ч бонд гаргаагүй, арилжааны банкуудаас  өндөр хүүтэй, богино хугацаатай зээл огт аваагүй өдийг хүргэж ирсэн гэдгийг онцолж хэлье.  Харин Засгийн газрын сая гаргасан “Нүүдэлчин” бонд нь 2021 онд төлөх өндөр хүүтэй Мазаалай бондын ихэнхийг 2 дахин хямд үнэтэй бондоор солих, 2022 онд төлөх Чингис бондын тодорхой хэсгийг худалдан авч зээлийн хүүгийн төлбөрийг 26.7 сая ам доллароор хэмнэсэн өрийн менежментийн үйл ажиллагаа болсон юм.  

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны төсвийн төсөлд дараах бодлогын гол арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байна. Үүнд:

Нэг.Бид татвараа хариуцлагатай, шударгаар төлдөг иргэд аж ахуйн нэгжүүдийн ачааллыг нэмэх бус борлуулалтаа нуун дарагдуулдаг, татвараас зайлсхийж хууль биелүүлдэггүй шударга бус этгээдийг татвараа төлдөг болгох ажлыг захиргааны аргаар бус аливаа хүндрэл чирэгдэлгүйгээр орчин үеийн технологийн дэвшил ашиглан хэрэгжүүлнэ.

Гаалийн шинэчлэлийн үр дүнд экспорт, импортын голлох боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, хилээр нэвтрэх үйл ажиллагааг бүрэн автоматжуулснаар экспортыг нэмэгдүүлнэ. Мөн өндөр хүчин чадлын рентген, дээж авагч тоног төхөөрөмж, гаалийн лаборатори зэргийг байгуулж экспортын бүтээгдэхүүний хэмжээ, агуулга, чанарыг үнэн зөв тодорхойлж татварыг бүрэн хураадаг болно.

 1.7 сая гаруй иргэн өдөр тутам хэрэглэж, 34 гаруй их наядын гүйлгээ бүртгэгдэж байгаа e-баримтын системийг улам боловсронгуй болгон иргэд худалдан авсан бараандаа гар утсаараа хяналт тавих, улс экспортоор гарч буй байгалийн баялгийн тээврийн хэрэгсэл тус бүрээр бүртгэх, хяналт тавих боломж бий болно.

Төрийн өмчийн нийт 117 аж ахуйн нэгжийн 62 хувь нь ашиггүй ажиллаж байгааг цэгцэлж компаниудын засаглал, ашигт ажиллагааг сайжруулах, эдгээр аж ахуйн нэгжүүд олон жил алдагдалтай, үр ашиггүй, ил тод бус ажиллагааг таслан зогсоож үйл ажиллагааны зардлыг бууруулах, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, засаглал, ил тод байдлыг сайжруулахад чиглэсэн багц арга хэмжээг хэрэгжүүлэх замаар төрийн өмчийг үр ашигтай удирдаж ашигт ажиллагааг нэмэгдүүлж, удирдлагуудтай ажлын үр дүнгээр хариуцлага тооцдог болно. 

Хоёр.

 

Эмнэлгийг биш үйлчлүүлэгч-иргэнийг дагасан, эм, тариа, эмчийн цалинд бус харин эмчлэн эдгээсэн хүний тоо, эмчилгээний чанарт суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжих бэлтгэлийг хангаж байна. 

Шинэчлэлийг  хэрэгжүүлснээр даатгалтай иргэд улсын болон хувийн эмнэлгийг чөлөөтэй сонгож чирэгдэлгүй, шуурхай үйлчлүүлэх, чанартай эмийг хөнгөлөлттэй, хүртээмжтэй байдлаар очер дараалалгүй худалдан авдаг болох юм. Иргэн хүн даатгалын ач холбогдлыг ийм нөхцөлд л ойлгож ухаарч хүн бүрийн даатгуулах сонирхол нэмэгдэх учиртай. Улмаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиг хандлага өөрчлөгдөж эмнэлгүүд стандарт үйлчилгээ болон чанараар өрсөлдөж, иргэнд ээлтэй эрүүл мэндийн тогтолцоо төлөвших эхлэл тавигдах болно.  

 

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны хүртээмжийг сайжруулна. Засгийн газар 2012 оноос хойш нэмэгдүүлээгүй байсан сургууль, цэцэрлэг, дотуур байрын хүүхдийн хоолны тарифыг 50 хувиар нэмэгдүүлсэн ч дахин нэмэгдүүлэх шаардлага байна.

Боловсролын зээлийн сангаас олгож байгаа дээд боловсролын тэтгэлэг, зээлийг хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа мэргэжилтэн бэлтгэхэд чиглүүлж их, дээд сургуулиудыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр зөвхөн чанараар нь эрэмбэлж ТОП-10 сургуульд Боловсролын зээлийн сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.

 

 

Сайжруулсан түлшээр нийслэлийн айл өрхүүдийг бүрэн хангах, халаалтын зуухны янданд шүүлтүүр суурилуулах зэрэг ажлуудыг шат дараалалтай авч хэрэгжүүлсний үр дүнд нийслэлийн агаарын бохирдол 50 хувиар буурсан байна.

 

Манай улсын мал сүргийн тоо 2019 оны эцсийн байдлаар 70.9 саяд хүрч 30 жилийн өмнөх үетэй харьцуулахад 45.1 сая толгойгоор нэмэгдсэн байна. Малаа өсгөх нь хүн амын хүнсний хэрэглээг хангах, малчдын амьжиргааг сайжруулах сайн талтай ч бэлчээрийн хүрэлцээ, усны хомсдол зэрэг олон асуудал бий боллоо.

Орон нутгийн төсвийг нэмэгдүүлэх, бэлчээр ашиглалт, цөлжилт, худаг усны хангамж зэрэг тулгамдсан асуудлаа орон нутагт бие даан шийдвэрлэх боломжийг олгож сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд  малын тоо толгойн албан татварыг хуульд заасан хязгаарт багтаан бие даан тогтоох эрхийг олгохоор төлөвлөж байна.

Энэ нь  улсаас тогтоож, хураах албан журмын татвар биш бөгөөд тухайн орон нутгийн байгаль, цаг уурын онцлог, бэлчээрийн даац, хүртээмж, хөрсний элэгдэл, цөлжилт,  малын төрөл, тоо толгой зэрэг хүчин зүйлсээ харгалзан нутгийн ард иргэд, малчдын санал дээр үндэслэн татвар ногдуулах боломжтой болох юм. Улмаар уг татварын орлогоо тухайн сум, дүүргийн Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, иргэд, олон нийтийн саналыг үндэслэн  тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд зарцуулах боломжийг бүрдүүлж байна.

Өсөн нэмэгдэж байгаа хүн амын хэрэгцээг хангах хотын  инженерийн шугам, сүлжээ, гэр хорооллын дэд бүтэц, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах,  хот доторх автозам барих болон тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан цогцолбор, нэн шаардлагатай цэцэрлэг, сургуулийн барилга, эмнэлэг барих ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна. Мөн зарим сургууль, цэцэрлэгийн болон гэр хорооллын нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих ажлыг эхлүүлнэ.

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн, баталж өгөхийг хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.156.235)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.