Стандартад нийцэхгүй мөнгөн аяга худалдаалж байсан зөрчил илэрчээ

Стандартад нийцэхгүй мөнгөн аяга худалдаалж байсан зөрчил илэрчээ

Мөнгөн аяганы стандартыг  2015 онд шинэчлэн баталжээ 

Стандарт хэмжил зүйн газар, Үнэт металлын сорьцын хяналтын газар хамтран өнгөрсөн жил үнэт металлын сорьцын улсын үзлэг шалгалт хийжээ. Шалгалтаар мөнгөний аяганы мөнгөний орц,  жин нь стандартад заасан хэмжээнд хүрдэггүй, сорьцоо баталгаажуулаагүй зэрэг зөрчлүүд нийтлэг илэрсэн байна.

Үнэт металл эдлэл үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгчид  аливаа алт мөнгө зэрэг үнэт эдлэлийн сорьцыг үнэт металлын сорьцийн хяналтын газарт баталгаажуулсан байх ёстой. Стандартад нийцсэн үнэт эдлэлийг  баталгаажуулсны дараа сорьцын тэмдэглэгээ хийж өгдөг. Ингэсний дараа зах зээлд худалдаалах эрх нь бий болно. Гэсэн ч зарим аж ахуйн нэгж, байгууллага хувь хүн стандартыг мөрдөлгүй, хуурамч үнэт эдлэл худалдаалж иргэдийг хохироодог байдал байсаар байна.

Стандарт хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүн “Мөнгөн завъяа болон бусад томоохон худалдааны төвүүд дээр байгаа мөнгөн аягануудад бид жин, сорьцдоо хүрч байгаа эсэх гээд бүхий л талын шалгалтуудыг хийхэд багагүй зөрчил илэрсэн. Илэрсэн зөрчлийн дагуу алт, мөнгөн эдлэл үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг цуцлах, торгууль ногдуулах, Зөрчлийн хуулиар арга хэмжээ авна” гэв.

Өргөний хэрэглээний үнэт металл эдлэлийн нэг бол мөнгөн аяга. Мөнгөн аяганы стандартыг 2015 онд шинэчлэн баталсан. Стандартын шаардлага хангасан, сорьц  жин нь стандарт хүрсэн эдлэл тэмдэглэгээтэй байдаг. Тиймээс иргэдийг үнэт металл дээрх, сорьц болоод, тэмдэглэгээг сайтар харж худалдан авалт хийхийг санууллаа.

Үнэт металлын сорьцын  хяналтын газрын дарга Д.Бэхбат “Мөнгөн эдлэл дээр зургаан талтай сорьц байдаг. Түүнчлэн 999, 925, 875, 835, 800 гэсэн сорьцууд байдаг” гэв.

Үнэт металлын худалдаа эрхлэгч зөвшөөрөлтэй 130 орчим аж ахуйн нэгж, иргэн байдаг.  Үүнээс гадна бүртгэлгүй, зөвшөөрөлгүй аж аухйн нэгж, иргэн ч цөөнгүй бий. Тиймээс цаашид энэ чиглэлийн үйлдвэрлэгч худалдаа эрхлэгч нарыг бүртгэлжүүлж, стандартыг мөрдүүлж, хуурамч үнэт худалдаалдаг асуудлыг цэгцэлнэ гэж схзг-аас мэдээлж байлаа. Хэрвээ иргэн та хуурамч үнэт эдлэл худалдан авсан, худалдаалж байгаа газрын мэдээллийг СХЗГ-ын 18002525 утсанд мэдээлэх, мөн ШӨХТГ-т хандах, үнэт металлын сорьцын хяналтын газарт мэдээлэл өгөхийг зөвлөлөө.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.30.164)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.