242,992 иргэнд хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлсэн
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-10-19

Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.10.16) үдээс хойших нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ, 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар  цар тахал дэлхийн 216 улс орны 38,847,804 хүнд халдварласнаас 1,098,414 хүн нас барж, 29,183,690 хүн эдгэрчээ. “Халдвар цаашид тархах төлөвтэй, ирээдүйд голомтот халдвар дэгдсээр байх болно” гэж ДЭМБ-аас мэдээлээд байна. Эрүүл мэндийн яамнаас Монгол Улс дахь КОВИД-19 халдварын эрсдэлийн 12 дахь үнэлгээг хийхэд “өндөр” эрсдэлтэй” гэсэн дүгнэлт гарсныг онцлоод манай улсын хувьд бусад улс орноос зөөвөрлөгдөн орж ирсэн 320 тохиолдол бүртгэгдсэнээс 311 хүн эмчлэгдэж эдгэн, 9 хүн эмчлүүлж байгааг дурдлаа.

    Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах онцгой бодлого хэрэгжүүлэхээр заасан. Энэ хүрээнд Монгол Улсын Шадар сайдын санаачилгаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “КОВИД-19 халдвараас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах стратеги төлөвлөгөө” боловсруулах үүрэг бүхий олон улсын болон дотоодын зөвлөхүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Тус ажлын хэсгээс нийгэм, эдийн засгийн салбарыг сэргээх чиглэлээр санал боловсруулж байгаа бөгөөд тэдгээрийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн нарийвчилсан төлөвлөгөөнд тусгах юм. Түүнчлэн манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын болон олон улсын байгууллага, бусад донор байгууллагын үйл ажиллагааг КОВИД-19-ын тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлоготой уялдуулах зорилгоор Монгол Улсын Шадар сайд, ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн хамтран удирдах “Хүмүүнлэгийн тусламжийн баг”-ийг ажиллуулж эхэллээ. Ингэснээр олон улсын тусламж, хандивын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, манай улсын тус халдвараас хамгаалах хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн олон улсын түнш байгууллагуудын нөөц боломжийг нэгдмэл төлөвлөлттэйгөөр дайчлан хуваарилах, хамтын ажиллагааны уялдааг сайжруулах боломж бүрдэх юм гэж Шадар сайд мэдээлэлдээ онцоллоо.

  Коронавируст халдварын цар тахлын улмаас хилээр зорчих хөдөлгөөнийг хязгаарласантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар тусгай үүргийн нислэгийн чиглэл, давтамжийг тогтмол нэмэгдүүлж, гадаадад гацсан иргэдээ татан авах ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байна. 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар дэлхийн 81 улсаас 91 удаагийн захиалгат нислэгээр 18021,  ОХУ, БНХАУ-аас хилийн боомтоор газраар 6545, нийт 24556 иргэнийг амжилтай татан аваад байна. Захиалгат нислэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн жагсаалтыг олон нийтэд нээлттэй болгож, иргэдийн өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэх, хүндрэл чирэгдэлгүйгээр жагсаалтад оруулахад бүх шатанд анхаарч ажиллахыг үүрэг болгоод байна. Улсын хэмжээнд энэ сарын 15-ны өдрийн байдлаар 61 тусгаарлан ажиглах байранд 3071 иргэн байна. Тусгаарлах байранд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаагийн байгууллагын болон аж ахуйн нэгжийн нийт 410 ажилтан, алба хаагч томилогдон, иргэдийн эрүүл мэндийг хянах, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, аюулгүй байдлыг хангаж ажиллаж байна. 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжиж 290 аж ахуйн нэгж, байгууллага, 257 иргэнээс нийт 3.5 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгө, 121 аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс нийт 4.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий бараа материалыг Улсын онцгой комисст хандивлажээ. Үүнээс 6.6 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгө, бараа материалыг Улсын онцгой комиссын Шуурхай штаб, холбогдох төрийн байгууллагууд, нийслэлийн авто замын шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэг, тусгаарлах байрны хэрэгцээ болон шаардлагатай тоног төхөөрөмж, үйл ажиллагаанд зарцуулаад байна гэж Я.Содбаатар сайд мэдээлэлдээ дурдав.   

    Мөн КОВИД-19 халдварын цар тахлын улмаас улс орнуудын эдийн засгийн өсөлт саарч, гол нэр төрлийн эрдэс бүтээгдэхүүний үнэ, эрэлт дэлхийн зах зээл дээр буураад байсан боловч Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн хүндрэлээс сэргийлж, ойрын болон дунд хугацаанд эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авч ирлээ. Шинэ төрлийн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улс, БНХАУ хоорондын хилийн боомтуудын үйл ажиллагааг хязгаарласантай холбогдуулан 3, 4 дүгээр сард өдөрт дунджаар 350 нүүрс ачсан машин гарах болж, уул уурхайн гол бүтээгдэхүүний экспорт тасалдахад хүрээд байсан. Иймд цар тахлын үеийн хориг, хязгаарлалтын онцгой нөхцөлд эдийн засгийн хамтын ажиллагааг зохистой хэлбэрээр үргэлжлүүлэх, иргэдийн зорчих хөдөлгөөн, бараа, түүхий эдийн тээвэрлэлтэд тулгамдаж байгаа асуудлаар БНХАУ-тай зөвшилцсөний үр дүнд 2020 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс “Ногоон гарц” түр журмыг хэрэгжүүлсэн юм. Үүний үр дүнд одоогийн байдлаар өдөрт дунджаар 1500 нүүрс ачсан машин гарч, нүүрсний экспорт тогтмол нэмэгдэж байна. Цаашид хил дээрх ариутгал, халдваргүйжүүлэлтийг нэмэгдүүлж, тээвэрлэлт хийж байгаа жолооч нарын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ нүүрс, газрын тос болон ашигт малтмалын бусад бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхээр тууштай ажиллаж байна. Цар тахал “КОВИД-19” халдвараас шалтгаалан улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт  шилжсэн байгаа ч дотоодын худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэлийн бүхий л үйл ажиллагааг хэвийн горимд  шилжүүлэх  чиглэлийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн бүх шатны боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг танхимын буюу ковидгүй үеийнхтэй ижил хэвийн нөхцөлд шижлүүлээд байна гэв. 

Цар тахал дэгдсэн өнгөрсөн хугацаанд Улсын Их Хурал, Засгийн газраас эдийн засгийн бодлогын багц арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүллээ. Тухайлбал, эхний ээлжид иргэд, аж ахуйн нэгж, байгуулагын орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах зорилгоор 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл багц арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Үүнд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн ажилтны цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй байхаар шийдвэрлэсний үр дүнд хувийн хэвшилд ажиллаж байгаа 700 мянга гаруй иргэний 87.5 тэрбум төгрөгийн орлого иргэдийн гарт үлдсэн байна. Цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурсан хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн ажилтанд сар бүр 200,000 төгрөгийн тэтгэмж олгохоор шийдвэрлэж, хувийн хэвшлийн 6.9 мянган аж ахуйн нэгжийн 73,000 орчим ажилтанд 25.2 тэрбум төгрөгийн тэтгэмж олгосон. 18 хүртэлх насны хүүхдэд сар бүр олгож байгаа мөнгөн тэтгэмжийн хэмжээг 100,000 төгрөг болгон нэмэгдүүлж, нийт 1,191,099 хүүхдэд мөнгөн тэтгэмж олгосон бол жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанаас орлогын албан татвар авахгүйн үр дүнд 105 мянга гаруй аж ахуйн нэгжийг 20 орчим тэрбум төгрөгийн албан татвараас чөлөөлж, бизнес эрхлэгчдээ дэмжсэн. Цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдсон боловч ажлын байраа хадгалж байгаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгж болон сайн дурын даатгуулагчдыг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлснөөр 38.4 мянган аж ахуйн нэгжийн 401.8 мянган даатгуулагч, 144.3 мянган сайн дурын даатгуулагч хамрагдаж, энэ оны 4, 5, 6 саруудад нийт 271 тэрбум төгрөгийн чөлөөлөлт хийж, шатахууны үнийг бууруулах, малчдаас ноолуур худалдан авах, дотоодын үйлдвэрлэлд нийлүүлэхэд зориулсан хөнгөлөлттэй зээл олгох зэрэг арга хэмжээг авсныг Шадар сайд мэдээлэлдээ дурдсан. 

 Түүнчлэн  тэрбээр, энэ оны 2 дугаар сараас эхлэн 9 дүгээр сар хүртэл түрээсийн төлбөрөө бууруулсан аж ахуйн нэгжид бууруулсан дүнгийн хэмжээгээр түрээсийн орлогод ногдох татварын хөнгөлөлт үзүүлсэний үр дүнд томоохон зах, худалдааны төвүүд түрээсийн төлбөрөө бууруулж, 1000 орчим аж ахуйн нэгж, 25 мянга гаруй худалдаа эрхлэгчдийн түрээсийн төлбөр буурч нийт 10 орчим тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлтөд хамрагдсан төдийгүй нийгмийн халамжийн сангаас олгож байгаа халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээг 100,000 төгрөгөөр нэмэгдүүлж, 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд нийт 67.3 мянган иргэнд олгоод байна.  2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүнсний хангамж зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд олгож байгаа хүнсний бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичгийн үнийн дүнг хоёр дахин нэмэгдүүлж, нийт 242,992 иргэнд хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлсэн. Цар тахлын эрсдэл цаашид үргэлжлэх төлөвтэй байгааг харгалзан 2020 оны төсвийн тодотголын хүрээнд дээрх багц арга хэмжээний зарим арга хэмжээг 2020 он дуустал үргэлжүүлэхээр шийдвэрлэcэн. Тухайлбал, 2020 оны 10-12 дугаар сард нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч 5 хувь, даатгуулагч 5 хувь байхаар тооцож, хөнгөлөлт байдлаар хэсэгчлэн үргэлжлүүлэх, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлсэн хэмжээгээр үргэлжлүүлэх, жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийг орлогын албан татвараас үргэлжлүүлэн чөлөөлөх, түрээсийн төлбөрөө бууруулсан аж ахуйн нэгжийн түрээсийн орлогод ногдох татварын хөнгөлөлтийг үргэлжлүүлэн үзүүлэхээр болсон. Мөн нийгмийн халамжийн сангаас олгож байгаа халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлсэн хэмжээгээр үргэлжлүүлэн, хүнсний хангамж зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд олгож байгаа хүнсний бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичгийн үнийн дүнг хоёр дахин нэмэгдүүлсэн арга хэмжээг үргэлжлүүлж, нийт 124 мянган иргэнийг хамруулахаар болсон гэж байлаа. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.184.200)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.