“Боловсролын цахим шилжилт” үзэсгэлэнг үзэж сонирхлоо
Үйл явдал
/
2020-10-02
Монгол Улсын Ерөнхий сайд болон УИХ-ын гишүүд БШУЯ-ны удирдлагууд ШУТИС-ын хичээлийн наймдугаар байранд дэлгэгдсэн “Боловсролын цахим шилжилт” үзэсгэлэнг үзэж сонирхлоо.
 
БШУЯ-аас зохион байгуулж буй тус үзэсгэлэнд боловсролын салбарт хэрэгжүүлж буй цахим технологийн дэвшил, бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, үзүүлэн баримтууд тавигдсан байв. Цэцэрлэгийн насны хүүхдийн бүртгэлээс эхлээд дээд боловсролын дипломын лавлагаа хүртэлх боловсролын бүх шатны үйлчилгээг цахимаар үзүүлэх боломж бүрдсэнийг тус үзэсгэлэнд оролцогчид харуулахыг зорьжээ.
 
Улсын их, дээд сургуулиуд, үндэсний томоохон компаниуд, оюутан залуус техник, технологийн дэвшил хөгжлийн хурдыг ашиглан ерөнхий боловсролын сургууль, их дээд сургууль, цэцэрлэгт нэвтрүүлэх олон төрлийн цахим үйлчилгээ, шинэ санаачлагыг гаргасан байна. Тухайлбал цэцэрлэг, сургуулийн сурагчдын өдрийн хоолны чанар стандарт, хүүхдийнхээ сурлагын төвшин, цаг ашиглалт, хичээл сонголтод гар утаснаасаа хяналт тавих боломжийг эцэг эх, асран хамгаалагчдад олгох апликэйшн бүтээжээ. Баг сум, хороо, аймаг, дүүрэгт гээд орон даяар хийгдэж буй боловсролын салбарын бүтээн байгуулалттыг газрын кадастрын зурагнаас нь нарийвчлалтай товч мэдээлэл, явцын зурагтай нь шууд харах нэгдсэн мэдээллийн санг ч байгуулсан байна.
 
Улсын их дээд сургуулийн багш нар энэ жил КОВИД19-ын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнээс шалтгаалан бүх сургалтыг онлайн хэлбэрээр явуулсан нь технологийн дэвшлийг үр өгөөжтэй хэрэглэх аргыг улам эрчимжүүлсэн гэдгийг онцолж байлаа. Энэхүү үзэсгэлэн нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-д тусгасан боловсролын салбар дахь цахим шилжилтийг хийх цогц зорилтуудыг хэрэгжүүлэх бүрэн боломж байна гэдгийг нотлон харуулж байна гэж Засгийн газрын гишүүд үзэж байв.
 
Үзэсгэлэнд зочлох үеэр идэвхи зүтгэлтэй ажиллаж байгаа багш нарын төлөөлөл 10 багшид орон сууцны хөтөлбөрт хамрагдах эрхийн батламжийг гардууллаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.113.163)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.