Ц.Нямдорж: Би ОРОС вакцин хийлгэсэн. Өчигдөр хоёр дахь тунг нь хийлгэлээ, яах ч үгүй байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-04-09

УИХ-ын гишүүд “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаарх мэдээлэлтэй холбоотой асуулт асууж байна. 

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж: 2020 оны дөрөвдүгээр сард батлагдсан Ковидын үеийн хуульд Засгийн газар орлогыг хамгаалах арга хэмжээ авах эрхтэй, жилийн төсвийн зарлагыг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн зохицуулалт хийх эрхтэй, цалин орлого нь тасарсан иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх эрхтэй гэж заасан. Иргэдэд 300 мянган төгрөг олгож байгаа нь хуулийн дээрх заалтын хүрээнд гаргасан шийдвэр. Эрдэнэт үйлдвэр цар тахлын эхний үеийн хүндрэлийг авч гарсан. 650 тэрбум төгрөгийг гэрэл, дулааны зардалд зарцуулсан. Нийт дүнгээрээ 760-аад тэрбум төгрөгийг Эрдэнэт үйлдвэрийн өнгөрсөн жилийн орлогоос цар тахлыг давж гарах арга хэмжээнд зарцуулсан. Оюутолгойг зогсооно, зогсоохгүй гэж өнгөрсөн жилээс ярьж эхэлсэн. Зогсоогоогүй учраас энэ удаад их наяд гаруй төгрөгөөр иргэдэд дэмжлэг олгож байна. Вакцины тухайд сайн, муу гэдэг яриа огт байж болохгүй. Гурван янзын вакциныг аль алийг нь хэрэглэж байна. Гадна талд тэр нь муу, энэ нь сайн гэсэн захиалгат явуулга явж байгаа. Үүнд автаж сайн, муу гэж ярих нь зохисгүй. Би гэхэд оросын вакцин хийлгэсэн. Өчигдөр хоёр дахь тунг нь хийлгэлээ. Яах ч үгүй байна.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Замын хүзүү урт, зааны хүзүү богино. Юм ээлжтэй байдаг юм. Хөтөлбөрийг дэмжиж байна. АН бас бонд босгоод хөтөлбөр хэрэгжүүлж байсан. Хөтөлбөр нь хуулбарласан юм шиг харагдаж байна. Цоо шинэ зүйл биш. Иргэдэд үр өгөөжөө өгдөг зүйл. Тэгэхээр хийж хэрэгжүүлэх нь зөв. Тухайн үед олон төсөвтэй болчихлоо гээд явдаг байсан. Ямар ч Засгийн ачаа үүрсэн хийдэг ажил. Таван толгойн хувьцааг иргэдэд олгох байдлаар Н.Батбаяр сайд санаачилан 300 мянган төгрөгийг иргэдэд өгч байсан. Вакцины хоёр дахь тунг 30 хоногийн дараа гэж байсан ч 56 болсон талаар иргэнээс асуулт ирж байна. 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Тун хоорондын зай 8-12 долоо хоног. 8 долоо хоногоос хойш хийвэл дархлал өндөр тогтож байгааг хэлсэн. Вакцинаасаа хамаараад тун хоорондын хугацаа өөр байна. 21-ээс дээш хоногийн хугацааны дараа хоёр дахь тунг хийж байна. 

Сангийн сайд Б.Жавхлан: Ажлын байрыг хамгаалах зээлд 5900 зээлдэгч хамрагдсан. Үүнд 875 ААН, 5025 иргэн зээлэнд хамрагдаад байна. 2 их наядаас 20 хувь нь гарахад 5900 зээлдэгч авсан байна. Өмнөх алдаагаа давтахгүйн тулд хяналтыг сайжруулсан. Яг бизнес эрхэлдэг, баялаг бүтээдэг хүмүүст нь зээлийг хүргэх ёстой. Үүнд иргэдийн болон холбогдох байгууллагууд хяналт тавьж явна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.141.75)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.