"Ардчилсан нам" #metoomongolia ХӨДӨЛГӨӨНД нэгдэж байна
Үйл явдал
/
2021-04-15

МЭДЭГДЭЛ

АРДЧИЛСАН НАМ #METOOMONGOLIA ХӨДӨЛГӨӨНД НЭГДЭЖ БАЙНА.

 

Иргэн бүр эрх чөлөөтэй, нэр төртэй, тэгш эрхтэй, эрхэм чанартай төрдөг бөгөөд тэдний хэний ч эрх зөрчигдөж, ялгаварлагдан гадуурхагдаж, ямар ч төрлийн мөлжлөгт өртөх ёсгүй. Нүүдэлчин Монголчууд бид угаас эмэгтэй хүнийг эрхэмлэн хүндэлж, төрийн дээд хатан эрдэнэ хэмээн өргөмжлөн шүтэж, хувь хүний эрх чөлөө, ардчилсан зарчмыг гаднаас биш өөрсдөө үлгэрлэн босгож ирсэн ард түмэн.

Нөгөө талаас Монгол улсын иргэн бүрийн угаас заяасан салшгүй эрхийг хамгаалах, эрх, эрх чөлөөг нь өмгөөлөх, шударга ёсоор өмөөрөх нь Ардчилсан намын оршин буйн шалтгаан, үнэт зүйл, үүрэг билээ.

Харамсалтай нь сүүлийн өдрүүдэд нэр бүхий улстөрчтэй холбоотой бэлгийн хүчирхийллийн ёс бус, хууль бус, бусармаг үйлдэл олны анхаарлын төвд орж, хүний эрхийг дээдлэгч Монголчуудын сэтгэлийг түгшээж байна. Охид эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлэх, хүчирхийлэх хэрэг УИХ-ын эрхэм гишүүдээс удаа дараа гарч байгаад харамсаж байна.

Тиймээс эрх, эрх чөлөөний харуул Ардчилсан нам УИХ-ын гишүүн Б.Анандбазарыг охид, эмэгтэйчүүдийг дорд үзэж доромжилсон, эрхэм чанарт нь халдаж басамжилсан үйлдэлдээ хариуцлага хүлээн УИХ-н гишүүнээсээ татгалзан шалгуулахыг шаардаж байна. Ардчилсан намын гишүүд, сонгуультнууд охид эмэгтэйчүүдийн давалгаалан нэгдэж буй #MeTooMongolia хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа албан ёсоор илэрхийлэн, нэгдэж байна.

Бид цаашид ч бэлгийн дарамт, хүчирхийлэл тэргүүтэй хүний эрх, эрх чөлөөг хяхан боогдуулсан үйл ажиллагаатай эвлэрэхгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Хохирогчийг хамгаалах, түүнтэй холбоотой эрх зүйн шинэчлэл, тогтолцоог шинэ шатанд гаргахад Ардчилсан нам оройлон ажиллах болно.

Эрх чөлөөний өндөр мэдрэмжтэй Монгол хүн бүхэндээ хандаж таны эрх бусдын эрхээр хязгаарлагдаж, бусдын эрхийг хамгаалах нь өөрийн эрхээ хамгаалж буй үйлдэл гэдгийг дахин сануулж иргэд, бизнес, шударга ёсны эрх, эрх чөлөөг зөрчсөн аливаа үйлдлүүдийг Ардчилсан намд хаяглан, “ЗОРИГТОЙ ҮГ” индэрт ирүүлэхийг хүсэж байна.

 

Ардчилсан нам

2021 оны 4-р сарын 15

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.186.143)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.