АН-ын шинэ дарга нар Ц.Анандбазарыг ГЭМ БУРУУТАЙ эсэхээ ШАЛГУУЛАХЫГ анхаарууллаа!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-04-15

Өнөөдөр М.Тулгат даргатай ардчилсан намаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой байр сууриа илэрхийллээ.  М.Тулгат: "Нэр бүхий УИХ-ын гишүүн холбогдоод байгаа энэхүү асуудалд нэгдүгээрт, шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй нөхцөлд хүнийг буруутгаж болохгүй гэдэг хууль дээдлэх зарчим дээр Ардчилсан нам зогсоно.  Гэхдээ хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх ёстой.  УИХ-ын гишүүн ч бай хууль шүүхийн өмнө шалгуулж үнэн зөвөө тогтоолгох ёстой, хариуцлага хүлээх ёстой. Хууль шүүхийн байгууллага нөлөөнд авталгүйгээр үнэн зөвийг тогтоож ажиллана гэж найдаж байна.

Ардчилсан нам засаглаж байх үед Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжин Эрүүгийн хуулийн 12.4 дэх заалтад ажлын байран дахь бэлгийн дарамтад эрүүгийн хариуцлага ногдуулахаар оруулж байсан. Гэтэл  МАН 2016 оны УИХ-ын сонгуульд ялсныхаа дараа Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах нэрээр энэ заалтыг хасч, Зөрчлийн хууль руу шилжүүлснээр бэлгийн дарамт үзүүлж байгаа этгээдүүд нь эрүүгийн хариуцлага хүлээхгүй,  зөрчлийн хариуцлага хүлээдэг болсон" гэлээ.

Ч.Өнөрбаяр: "УИХ-ын гишүүн нь асуудал байхгүй гэж үзэж байгаа бол заавал хуулийнхнаар чирүүлэхгүйгээр бүрэн эрхээсээ түдгэлзээд жирийн иргэн шиг шалгуулчихаад шүүхээр гэм буруу нь нотлогдохгүй бол эргээд УИХ-ын гишүүнээрээ ажиллахад асуудалгүй. Бүрэн эрхээсээ түдгэлзэхэд УИХ-ын гишүүнээрээ эргэн ажиллах боломжгүй болно гэсэн үг биш. Түр хугацаанд түдгэлзээд халдашгүй дархан эрх нь хэсэг хугацаанд байхгүй болоод шүүхээр гэм буруу нь нотлогдохгүй тохиолдолд  буцаад УИХ-ын гишүүний ажлаа хийх бүрэн боломж байгаа" гэсэн юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.178.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.