Д.Цэнд-Аюуш: Сэжигтэй болон батлагдсан тохиолдлын нас баралт бүртгэгдсэнээс хойш нийт 37 цогцсын оршуулганд хяналт тавьсан
Үйл явдал
/
2021-04-16

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-аюушаас тодрууллаа

Манай улсад Коронавируст халдвар /Ковид-19/-ын батлагдсан тохиолдол эрчимтэй нэмэгдэж, үүнтэй холбоотой өдөр бүр нас баралт бүртгэгдэж байна. Нас барсан тохиолдлын оршуулганы үйл ажиллагаанд танай байгууллагаас хэрхэн хяналт тавьж байгаа вэ?

Коронавируст халдвар /Ковид-19/-ын батлагдсан болон сэжигтэй цогцсыг оршуулахад баримтлах түр заавар Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/412 тоот тушаалаар батлагдсан. Энэхүү тушаал, түр заавар нь оршуулгын үйл ажиллагааны явцад хэрхэн хэрэгжиж байгаа байдалд мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчид тухай тухай бүрт нь хяналт тавин ажиллаж байна. Тушаалын дагуу бол халдварын батлагдсан болон сэжигтэй тохиолдлын цогцсыг зориулалтын газар чандарлах эсвэл булшлах аргаар оршуулж, ил тавихыг хориглож байгаа. Манай байгууллагын хувьд чандарлах, булшлах аргаар оршуулж байгаа цогцостой харьцах хүмүүс хамгаалах хувцас хэрэгслийг бүрэн өмсөж, дарааллын дагуу тайлж буй байдал, цогцсыг шингэн нэвчдэггүй уутанд хийн, уутны гадна талыг халдваргүйжүүлж байгаа эсэх мөн цогцсыг байршуулж, тавьсан гадаргууг цэвэрлэн, халдваргүйжүүлж буй байдал, оршуулгын үйл ажиллагаанд оролцож байгаа албаны болон ар гэрийн хүмүүсийн шаардлагатай хамгаалах хэрэгслийн хэрэглээ зэрэгт хяналт тавьдаг.

Өнөөдрийн байдлаар хичнээн оршуулгын үйл ажиллагаанд хяналт тавьсан бэ?

Тусгай үүргийн нислэгээр шарил ирсэн үеэс, мөн дотооддоо анхны халдварын сэжигтэй болон батлагдсан тохиолдлын нас баралт бүртгэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 37 цогцсын оршуулганд хяналт тавьсан.

Нас барсан иргэний ар гэрийнхний хувьд оршуулгын үйл ажиллагаанд хэрхэн оролцож байгаа талаар тодруулбал?

 

Эрүүл мэндийн сайдын баталсан дээрх тушаалд зан үйлтэй холбоотой аливаа үйлдлийг хязгаарлаж, цогцостой харьцах хүний тоог цөөн байлгахаар заасан. Оршуулах үйл ажиллагааг гүйцэтгэж байгаа ар гэрийн хүмүүс эмнэлгийн зориулалтын амны хаалт, бээлий өмсөж, цогцосд хүрэлгүйгээр гүйцэтгэнэ. Дараа нь бүх хүмүүс гараа угааж, халдваргүйжүүлж байна.

 

Танд хяналт шалгалттай холбоотой нэмэлтээр хэлэх зүйл байна уу?

Дээр дурдсан хяналтаас гадна нас барсан хүний хувцас, бусад зөөлөн эдлэлийг халдвартай хог хаягдал устах журмын дагуу устгаж буй байдал, цогцсыг оршуулах өдөр хүртэл түр байрлуулсан эмнэлэг, буяны байгууллагат хийж байгаа эцсийн халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаа болон халдваргүйжүүлэлтэд хэрэглэж байгаа бодист хяналт тавьж байна. Эцсийн халдваргүйжүүлэлтийг Зоонозын өвчин судлалын үндэсний төв хариуцан гүйцэтгэдэг бөгөөд тухайн өдөр хэрэглэж байгаа халдваргүйжүүлэлтийн бодисоос улсын байцаагч дээж авч, халдваргүйжүүлэх чанарыг тодорхойлуулах зорилгоор лабораторит шинжлүүлдэг.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.181.57)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.