Л.Чинбат: Хууль хяналтын байгууллагын дарамт шахалтанд манай улсад шударгаар хөдөлмөрлөж, ажиллаж амьдрахад үнэхээр хэцүү болжээ
Үйл явдал
/
2021-04-19

Өнгөрсөн амралтын өдрөөр Гацуурт компанийн захирал Л.Чинбатыг цагдаагийн газраас эрэн сурвалжилж байгаа талаар мэдээлэл сошиолаар гарсан. Харин дээрх мэдээлэлд Л.Чинбат өөрийн хуудсаар дамжуулан ийнхүү бичсэн байна.

Л.Чинбат: 

- "Намайг цагдаагаас эрэн сурвалжилж эхэллээ гэжээ. Хаврын тариалалтын бэлтгэл ажлаар Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байнаа. Эрүүгийн Цагдаагийн Газраас надад нэг ч удаа өөрт мэдэгдээгүй, мөн манай өмгөөлөгчид 2021 оны 4-р сарын 26-ны өдөр намайг дуудан ирүүлэх бичиг өгчихөөд уг өдөр нь болоогүй байхад оргодол мэтээр улс орон даяар зарлаж, эрэн сурвалжилжээ.

Урамшууллын мөнгө илүү авсан хэргээр 5 дахь жилдээ шалгагдаж байна. “Гацуурт” ХХК-ийг үүсгэн байгуулж, сүүлийн 20 гаруй жил газар тариалангийн салбарт үйл ажиллагаа явуулахдаа хавар, зун, намартаа өглөө 05 цагаас шөнийн 00 цаг хүртэл тариан талбай дээр ажиллаж өнждөг. Энэ хугацаанд ялангуяа цар тахалтай энэ хүнд цаг үед Монгол Хүндээ эх орныхоор хөрсөнд тарьж ургуулсан эрүүл хүнсийг хямд хүргэх зорилготой ажилласаар ирсэн.

Улсаас нэг ч төгрөг хууль бусаар авч, хулгай хийж үзээгүй гэдгээ хариуцлагатайгаар хэлье. Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сантай 4 удаа урамшууллын мөнгөний асуудлаар тооцоо нийлээд өглөг, авлагагүй болохоо баталгаажуулсан актууд, урамшууллын мөнгөтэй холбоотой санхүүгийн баримтуудыг үзээд та бүхэн дор бүрнээ дүгнэлтээ хийнэ бизээ. Хууль хяналтын байгууллагын дарамт шахалтанд манай улсад шударгаар хөдөлмөрлөж, ажиллаж амьдрахад үнэхээр хэцүү болжээ. Одоо бол маш их туйлдаж байна" гэжээ

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.175.253)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.