ӨМӨЗО-ны Баяннуур аймгаас Өмнөговь аймгийн малчдад 150 мянган тонн малын тэжээлийг илгээжээ
Үйл явдал
/
2021-04-19
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын өмнө хүн төрөлхтөн хүчин мөхөстөж, өнөөдрийн байдлаар дэлхий даяар 139.206.869 хүн халдвар авч, 2.984.422 хүн амь насаа алджээ.
 
Монгол улсад коронавируст халдвар тархсан хагас жилийн хугацаанд нийт 21.995 хүн өвчилж, 44 иргэн нас эцэслэж, бидний цөөхөн Монголчууд айдас хүйдэст автсан хүндхэн өдрүүдийг даван туулж байна.
 
Монгол улсын уул уурхайн бүтээгдэхүүний экспортын 70 орчим хувийг бүрдүүлдэг Өмнөговь аймгийн удирдлагууд болон ард иргэд "Ногоон бүс"-ээ хамгаалж, цар тахлыг эрсдэлгүй даван туулахын төлөө хичээн ажиллаж, аймгийн Онцгой комисс аймгийн харьяалалтай 70 мянган иргэнээс гадна уурхайчид, тээврийн жолооч зэрэг хөдөлгөөнт хүн амаа хамгаалахын төлөө бусад аймагтай харьцуулахад хэд дахин илүү ачаалалтай байгааг онцлон дурдах нь зүйтэй. Гэвч стратегийн ордуудын уул уурхайн ээлж солилт, зам, барилгын томоохон төслүүдийн бүтээн байгуулалтыг дагасан үй олон хүний урсгалаас халдварын сэжигтэй тохиолдол илэрч, аймгийн Онцгой комиссоос тухай бүрд нь шуурхай арга хэмжээ авч байна.
 
Монгол улсад халдварын тархалт өдөрт мянгаас давсан өдрүүдэд үүссэн нөхцөл байдалтай уялдуулан аймгийн Онцгой комиссоос цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор Даланзадгад, Номгон сумдын хэмжээнд 4 сарын 15-ны өдрөөс 4 сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн, иргэн, авто тээврийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарлав.
 
Аймгийн Засаг даргын 2021 оны А/395 дугаар захирамжийг хэрэгжүүлж, төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагын алба хаагчид эргүүл хяналтын цэгт үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Цар тахлын эсрэг цаг наргүй ажиллаж буй алба хаагчдад аймгийн Цагдаагийн газар, ДЦС-ын хамт олноос витамин, халуун хоол, буцалгааг хүргэн өгч сэтгэлийн дэм үзүүлжээ.
 
Аймгийн Онцгой комиссоос эрсдэлийг урьдчилан тооцоолж, төлөвлөлт хийх зорилгоор Даланзадгад, Номгон сумдын иргэдийг өнөөдрөөс "НЭГ ӨРХ-НЭГ ШИНЖИЛГЭЭ" тандалтанд хамруулж эхэллээ.
 
"НЭГ ӨРХ-НЭГ-ШИНЖИЛГЭЭ" арга хэмжээг ЭМГ-ын мэргэжлийн баг ахлан зохион байгуулж байна. Даланзадгад сумын 8 багийн дарга нар шинжилгээний багтай хамтран айл өрхүүдээр явж, ард иргэдээ уриалан оролцож байна. Энэ арга хэмжээнд Сэврэй сумын Онцгой комиссын шийдвэрээр сумандаа "НЭГ ӨРХ-НЭГ ШИНЖИЛГЭЭ" арга хэмжээг амжилттай зохион байгуулсан туршлагатай баг Даланзадгадад ажиллахаар ирлээ. Мөн Хүрмэн сумын эмнэлэг, Даланзадгад зорчигч тээвэр ОНӨАТГазар, Бүтэнжаргал, Хатан заяат говь эмнэлгийн хамт олон, Даланзадгад сумын ЕБСургууль, цэцэрлэгийн эмч нар, Өрхийн эмнэлэг, ЗӨСТ, Х.Шаравын нэрэмжит БОЭТөв, эрүүл мэндийн салбарын ахмад ажилчид зэрэг маш олон байгууллага, ААН, халуун сэтгэлт иргэдийнхээ идэвх санаачилга хамтын хүчээр амжилттай зохион байгуулж байна. Өнөөдрийн авсан 1163 шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан сайхан мэдээтэй байна.
 
Мөн энэ өдрүүдэд сумдад болон хилийн боомтуудад зам, нийтийн эзэмшлийн талбайн ариутгал халдваргүйтгэлийн ажлыг ЗӨСТ, хот тохижилтын ажилчид тасралтгүй хийлээ.
Гашуунсухайт, Цагаан хад суурьшлын бүсэд ажиллаж буй иргэдийг дархлаажуулалтын 2 дугаар тунд хамруулах ажил үргэлжилж байна.
 
Энэ жил цар тахлын хүндрэлээс гадна цагийн бэрхшээл, ган зуд говьчуудыг тойрсонгүй. Хаваржилтыг хүндрэлгүй давахын тулд малчдаа дэмжиж өвс, тэжээлийн үнийг хямдруулах, тусламжийн өвс тэжээл олгох, малчдын зээлийн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг арилжааны банкуудад хүргүүлэх зэрэг төрөл бүрийн арга хэмжээг авч хэрэгжүүлэв. Энэхүү ажлын хүрээнд хөрш зэргэлдээ ӨМӨЗО-ны Баяннуур аймгаас Өмнөговь аймгийн малчдад 150 мянган тонн малын тэжээлийг илгээжээ. Тусламжийн тэжээлийг татан авч, буулгах ажилд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Орон нутгийн Өмчийн алба, Захирагчийн ажлын алба, Мал эмнэлэг, Дулаан хангамж ОНӨААТҮГ-ын хамт олон хамтран гар бие оролцлоо.
 
Мөн энэ өдрүүдэд Оюутолгой компаниас 15 мянган долларын үнэ бүхий түргэвчилсэн оношлуурыг хандивласан нь цагаа олсон тус дэм байв.
 
Хөдөлгөөн хязгаарласан үед Даланзадгад хот руу өөр аймаг, хотын иргэдээс маршрутын бус замаар нэвтрэх оролдлого маш их гардаг. "Даш зам" ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд улсын чанартай автозамын хажуугаар гарсан хулгайн замуудыг хааж, цар тахлын эсрэг үйл ажиллагаанд дэмжлэг үзүүллээ.
Аймгийн Онцгой комиссоос Өмнөговийн ард иргэдийг дархлаажуулалтад цаг алдахгүй бүрэн хамруулах зорилгоор 45 мянган хүн тун вакциныг татан авах хүсэлтээ хүргүүлээд байна.
Тэг зогсолт хийсэн энэ өдрүүдэд эмийн сан, хүнсний дэлгүүр, хүнсний үйлдвэрүүд халдвар хамгааллын дэглэм сахиж хүргэлтийн үйлчилгээ хийж байгаа нь цар тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажилд оруулж буй томоохон хувь нэмэр билээ.
 
Улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн ч аймгийнхаа 90 жилийн ойг угтан, 90 мянган мод тарих бэлтгэлээ айл өрх, албан байгууллага бүр базааж эхэлжээ. Мөн зэрлэг амьтдад өвс тэжээл тавьж өгөх биотехникийн ажлаа ч амжуулж байна.
 
Ийнхүү халдварын эрсдэл, хавсарга шуургатай хаврын хүндхэн өдрүүдийг ажилч хичээнгүй говьчууд маань дэм дэмэндээ эсэн мэнд даван туулахаар хичээсээр байна.
 
Энх сайхан цагтай эрүүл саруул, итгэл дүүрэн золгохын тулд бид бүхний хамтын хичээл зүтгэл хамгаас чухал билээ.
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.199.122)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.