С.Одонтуяа: Мега төслүүдийг хэрэгжүүлэхийн төлөө улс орнууд маш их хүч, цаг хугацаа зарцуулж хөрөнгө оруулагч олдог
Үйл явдал
/
2021-04-19

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит /2021.04.19/ хуралдаанаа танхимаар болон цахим хослуулан хуралдав. Энэ удаагийн хуралдаанаар “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээлэл сонслоо.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

Мега төслүүдийг хэрэгжүүлэхийн төлөө улс орнууд маш их хүч, цаг хугацаа зарцуулж хөрөнгө оруулагч олдог. Мега төслүүд ажлын байр нэмэгдүүлэхээс эхлээд сайн тал олон. Харин Оюутолгой төслийн хувьд засч залруулах зүйл байгаа. Гэрээ анхнаасаа буруу болсон. Хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх хүчин зүйл байдаг ч анхны хөрөнгө оруулалтынхаа дүнг байнга өсгөж байна. 

ТУЗ-д Монгол Улсаа төлөөлж байгаа хүмүүс дуугардаггүй. Энэ гэрээг цуцалж, болих биш гэрээ сайжруулаад засаад явах ёстой гэсэн байр суурийг би баримталдаг. Баялгийн эзэн нь ийм байдалтай байж болохгүй гэх зэргээр асуудлыг лавлаж, тодруулга хийсний дараа байр сууриа илэрхийлэв.

Оюутолгой төсөл бол Монголын эдийн засгийн гол хөшүүргийн нэг учраас бид Монгол Улсад ирэх үр өгөөж, ашгийг сайжруулах талд улс төржихгүйгээр хамтран ажиллах ёстой гэдгээ гишүүд илэрхийллээ.

Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлэг коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын дэгдэлт хяналтаас гарч, хүн амын эрүүл мэнд, нийгэм, эдийн засагт ноцтой аюул учруулах хэмжээнд хүрсэн гэж үзэв. Мөн ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн гэх УИХ-ын гишүүнтэй холбоотой асуудлыг тус тус хэлэлцэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.144.65)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.