Өмнөговь аймгийн 90 жилийн ойгоор тарих 90 мянган модны 85-аас дээш хувийг ургуулах зорилт тавьжээ
Үйл явдал
/
2021-04-21
Говьчууд модыг тайрч огтлох бус тарьж ургуулдаг ард түмэн
 
Тэртээх 1949 оноос Өмнөговь аймагт говийн унаган мод хайлаасыг тарималжуулах ажил эхэлсэн түүхтэй.
 
1952 онд тухайн үед аймгийн дарга байсан Д.Дамбажамц Мандал-Овоо сумын Баянхошуу гэдэг газраас 25 ширхэг зулзаган хайлаас авчирч, Даланзадгад хотын төвд суулгаснаар төв ногоон байгууламж цэцэрлэгтэй болох эхлэл суурь тавигджээ. Удалгүй аймагт ойн анги байгуулагдаж мод үржүүлгийн газартай болжээ.
 
Говь нутгийг ойжуулах ажил жилээс жилд хөгжиж, өргөжин тэлсээр тарьмал ойн сангаараа Монгол улсдаа тэргүүлдэг болсон юм. Энэхүү амжилт нь үе үеийн дендрологич, агрономичид болон ажилсаг говьчуудын хамтын хөдөлмөрийн үр дүн билээ.
 
2007 оноос Монгол, Солонгосын хамтарсан "Ногоон хэрэм" төсөл хэрэгжүүлж, Даланзадгад, Булган суманд 2000 га газрыг ойжуулсан билээ.
 
Мөн цөлжилтөөс сэргийлэх, ногоон байгууламжийн талбайг нэмэгдүүлэхэд иргэдийн идэвх оролцоог дэмжих зорилгоор аймгийн ИТХ-ын тогтоолоор "Мод тарьж ургуулсан иргэд, аж ахуй нэгж, байгууллагад урамшуулал олгох журам"-ыг батлан хэрэгжүүлсэн нь говь нутгийг ойжуулахад чухал хувь нэмрээ оруулсаар байна.
 
Жил бүр айл өрх, байгууллага, аж ахуй нэгжүүд мод тарьдаг ч тарьсан модоо арчилж, ургуулахад зайлшгүй анхаарах шаардлагатай байгаа юм. Тухайлбал 2016 онд 332 мянган мод тарьснаас 80 хувь нь ургасан бол 2020 онд 57 мянган мод тарьж 78 хувь нь ургасан байна.
 
 
Иймд Өмнөговь аймгийн 90 жилийн ойгоор тарих 90 мянган модны 85-аас дээш хувийг ургуулах зорилт тавьжээ. 90 мянган мод тарих ажлыг зохион байгуулагчдын зүгээс "Тарьсан модоо ургуулцгаая!" гэсэн уриалгыг гаргаж, мод тарих, арчлах зөвлөгөөг Өмнөговь аймгийн Сум дундын ойн ангийн цахим хуудсаар дамжуулан цувралаар хүргэхээр болсон.
 
Аймаг орон нутгаас айл бүрд 9 мод үнэ төлбөргүй олгох болсон тул өрх бүр энэ боломжийг ашиглаад орчноо ногооруулаад авах хэрэгтэй.
 
"Мод дагаж ус-Ус дагаж амьдрал" гэдэг. Говь нутгаа цөлжилтөөс хамгаалж, ойжуулах үйлсэд хүн бүрийн хичээл зүтгэл хамгаас чухал юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.141.27)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.