А.Ариунзаяа: 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа ЭЦЭГТ тэтгэмж олгох хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Үйл явдал
/
2021-04-29

Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан хуулийн төслийг боловсруулсан юм. 

Хуулиар өөрийн төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эхэд, хүүхэд асарсны тэтгэмж олгохоор заасан. Энэ нь ижил нөхцөлд хүүхдээ асарч байгаа эцгийн дээрх тэтгэмж авах боломжийг хязгаарлаж байна. Өөрөөр хэлбэл, хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд хүйсээр шалтгаалсан ялгамжтай байдлыг бий болгосон гэж Үндсэн хуулийн цэцийн гишүүд үзжээ. УИХ дахь хоёр байнгын хороо Цэцийн дүгнэлтийг хүлээн авсан билээ.

 

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Хэрэгжих хугацаа хэзээ вэ. Хуулийн төслийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор 30-40 тэрбум орчим төгрөг шаардагдах юм байна гэж байсан. Төсөв баталчихсан учраас энэ зардлыг хэрхэн гаргах вэ. 

ХНХ-ын сайд А.Ариунзаяа: 52 мянган эх цалинтай ээж хөтөлбөрөөс хасагддаг. Эдгээр ээж нарын гэр бүлийн хүмүүс ажил хөдөлмөр эрхэлж байгаа эсэхийг судлахад 20 орчим мянга нь эрхлээгүй байгаа судалгаа гарсан. Энэ жилийн хувьд 6.6 тэрбум төгрөг шаардагдахаар байгаа тооцоо байна. Цэцийн дүгнэлттэй холбоотойгоор 7-р сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ. 

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Тодотгол хийх юм уу? Хэрхэн шийдэх юм бэ. 

ХНХ-ын сайд А.Ариунзаяа: Төсөвт 196 мянган эхчүүдэд 92 тэрбум төгрөг олгохоор тусгасан. Одоогийн төлөвлөгөөгөөр харахад энэ мөнгийг гаргах боломжтой байгаа тул төсөвт тодотгол хийх шаардлагагүй гэж үзэж байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.99.152)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.