Нэн ховор чихэр өвсний талбайг хамгаалахаар “Говь нэг сая мод” төсөл ойн зурвас байгууллаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-04-29

Чихэр өвс дэлхийн хэмжээний ховор ургамлын нэг. Хятад, Солонгос, Япончууд бүгд авч байгаа нь учиртай. Энэ ургамал Монголын уламжлалт анагаах ухааны 60 гаруй тангийн найрлагад ордог. Харамсалтай нь тооцоогүй, замбараагүй ухаж аван, буруу аргаар олборлосноос тархац, нөөц нь багасч, цөлжилт үүсэх, устах аюулд ороод байна. Манай оронд Баянхонгор аймгийн Баацагаан сумд чихэр өвсний гол тархац байдаг. Зөвхөн чихэр өвсний үрийг гэхэд 1 кг-ыг нь 100 мянган төгрөгөөр авч байгаа нь гадагшаа ямар их эрэлт хэрэгцээтэй байгааг харж болно. Иймд уг чихэр өвсний талбайг хамгаалах зориолгоор говь нэг сая мод одоогийн байдлаар 17 м өргөн, 500 м урттай хашаанд 3 эгнээ, 5000 ширхэг бургас модыг шуудуу татан суулгаж, гүний худаг гарган, шангаар усалгаагаар услан 100 хувийн ургалттай, байнгын харуул хамгаалалттай ой зурвасыг байгууллаад байна. Баацагаан сум нь сүүлийн жилд бэлчээрийн чанар муудсан, цөлжилтэй, ган зуд ихтэй байгаа. Чихэр өвсний талбайг хамгаалах ойн зурвас нь таван жилийн дараа байгальд үлдэх бөгөөд сууршилийн бүс болох боломжтой. Зөвхөн мод гэлтгүй усалгааны системийг ашиглан хөрс сайжруулах зорилготой, уургийн агууламж өндөртэй, олон наст буурцагт тэжээлийн ургамал тариалах боломж бүрдэж байгаа аж. Байгальд зориудаар ойжуулах ажлын цар хүрээг эрс нэмэгдүүлэх замаар хүрээлэн байгаа орчны экологийн доройтол, дэлхийн дулаарлын хор уршгийг багасгаж, цөлжилт хуурайшилтыг тогтоон барьж, ойн экологийн ач холбогдлыг дээшлүүлэхэд хүн бүрийн оролцоо, зөв хандлага зайлшгүй чухал байгаа юм. Иймээс говь нэг сая мод төсөл говь, цөлийн бүсэд ногоон хөгжлийг дэмжсэн ажлын байрыг нэмэгдүүлэх аргаар нутгийн ард иргэдийн төв рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг сааруулж, хөдөө, орон нутагт эдийн засгийн өсөлтийг бий болгохоор зорин ажиллаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.55.18)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.