​Ж.Сүхбаатар: Цэц сонгуулийн шинэчлэлийг нураасан. Одоо шүүхийн шинэчлэлийг нураах гэж байна
Үйл явдал
/
2021-05-04

Шүүхийн тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн байна гэж Цэц дүгнэсэн. Тодруулбал, шүүгчийн хараат бус байх, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилго бүхий Шүүхийн Ерөнхий зөвлөл болон шүүгчийн сахилга хариуцлагын асуудлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүнд хамаарах шүүгч бус гишүүнийг УИХ дангаар томилохоор Монгол Улсын шүүхийн тухай хуульд тусгасан байна. Энэ нь Үндсэн хуулиар баталгаажсан төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг алдагдуулах нөхцөлийг бүрдүүлж улмаар Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаас дүгнэсэн. Шүүхийн тухай хуулийн ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатартай Цэцийн дүгнэлтийн талаар ярилцлаа.

-Шүүхийн тухай хуулийн зарим зүйл заалт үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ. Та энэ хуулийн ажлын хэсэгт байсан хүний хувьд Цэцийн гаргасан дүгнэлтэд ямар байр суурьтай байна вэ?

-Нэгд, би Үндсэн хуулийн Цэцийн гаргасан шийдвэртэй санал нийлэхгүй байгаа. Хоёрт, УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авах, эсэхийг шийднэ. УИХ баталсан хуулиа хамгаалж, Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй байх гэж бодож байна.

Цэцийг шүүмжлэхээс зайлсхийдэг хүний нэг нь би. Гэхдээ энэ удаа яах аргагүй Цэцийн энэ шийдвэрт сэтгэл дундуур байна. Цэц дахиж хуралдаад энэ шийдвэрээ залруулах байх гэж бодож байна.

Би 2012 онд сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэх ажлын хэсэгт голлож оролцсон хүмүүсийн нэг. Гэтэл Цэц сонгуулийн шинэчлэлийг 2016 онд нураасан. Энэ бол Монголын улс төрийн тогтолцоонд үзүүлэх хамгийн эерэг өөрчлөлтүүдийн нэг байсан. Үүнийг нураасны гай нь одоо ч улс төрийн системд байгаа эрх мэдлийг бланс алдагдсан явдал. Үүнд Үндсэн хуулийн Цэц шууд буруутай. Нэг үгээр, Цэц сонгуулийн реформыг нураасан. Одоо шүүхийн реформын амин сүнс болсон заалтууд дээр Үндсэн хууль зөрчсөн гээд дүгнэлт гаргачихлаа. Шүүхийн тухай хууль бол Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх гэж гарсан хууль. Энэ хуулиар шүүх шинэ Сахилгын хороо, ШЕЗ-тэй болно. Бусад олон зүйл шинэчлэгдэх байсан. Гэтэл энэ бүх ажлыг гацаах байдал үүсчихлээ. Шүүхийн сахилгын хороо, ШЕЗ хуулийнхаа дагуу явахад энэ зун ажилдаа орох ёстой. Цэцийн шийдвэрээс болоод энэ бүхэн хойшлох нөхцөл бүрдлээ. Цэц зөв шийдвэр гаргаж байх ёстой байгууллага. Шинэчлэлүүдийг гацааж  болохгүй. Юмыг нураа, гацаа гэж тэнд хүмүүс аваачиж тавиагүй.

-Хэрвээ Их хурал Цэцийн дүгнэлтийг хүлээгээд авчихвал Шүүхийн хуульд өөрчлөлт оруулах нөхцөл үүснэ биз дээ?

-Би хатуухан хэлье. Хэрвээ Цэцийн дүгнэлтийг хүлээгээд авчихвал Их хурал шүүхийн шинэчлэлийг нураалцана гэсэн үг. Барьсан барилгаа буцаагаад нураана гэсэн үг. Өнгөрсөн сонгуулиар ч тэр, өмнөх сонгуулиар ч тэр шударга ёсны тэмцлийн тухай яриад байна. Шударга ёсны тэмцэл гэдэг жагсаал цуглаан хийгээд, хэн нэгэн хүнийг ажил албан тушаалаас нь өөрчилснөөр болохгүй. Харин шударга ёсыг тогтоох механизм гэж байдаг. Үндэсний механизмын хамгийн гол суурь хэсэг нь шүүх эрх мэдэл. Шүүх эрх мэдлийг шинэчлэхгүй бол үргэлж л жагсдаг, шударга ёс ярьдаг, хэн нэгэн хүнийг ажлаас чөлөөлдөг л улс болно. Сонгуулийн үр дүнгээр ард түмэн шүүх эрх мэдлээ цэгцэл гэдэг захиалгаа өгсөн. Энэ хүрээнд бид цэгцэлж байгаа юм. Гэтэл энэ ажил нь Үндсэн хуулийг зөрчиж байна гэж байгаа бол үүнийг огт хүлээн зөвшөөрөхгүй.

Шүүхийн шинэчлэл дээр гурван том бул хар чулуу байна. Нэгд, улстөрчдийн нөлөөлөл, хоёрт, том бизнесийнхний нөлөөлөл, гуравт, шүүхийн доторх цус ойртсон, эрх ашгаараа сүлбэлдсэн цөөн хэдэн хүний сүлжээ. Ямар ч байсан шинэ хуулиар улстөрчдийн нөлөөллийг эрс бууруулаад, хязгаарлаад авлаа. Гэтэл буцаагаад үүнийг задлах гээд байна. Ганц энэ хуулиар бүх асуудлыг шийдэхгүй ч суурь нь болох байсан.

-Шүүхийн тухай хуулийг батлахад Ерөнхийлөгч хориг тавьж байсан. УИХ хоригийг хүлээж аваагүй учраас Цэцэд хандсан. Анхнаасаа ажлын хэсэг Ерөнхийлөгчөөс саналыг нь аваагүй юм уу?

-Цэц Ерөнхийлөгчийн тавьсан хүсэлт, зарим нэг иргэний гаргасан мэдээллийн дагуу маргаан үүсгэсэн гэж байгаа. Гэхдээ үүн дээр нь дөрөөлж байна. Миний хардаж байгаагаар Ерөнхийлөгч болон зарим иргэний гаргасан мэдээлэл дээр дөрөөлөөд улстөрчидтэй холбогдсон зарим шүүгч нарын сонирхол энд яваад байх шиг байна. Өөрсдийнх нь эрх ашиг хумигдсанд хорсож, хонзонгоо тайлах гэж байна. Цэц гэдэг бол Үндсэн хуулийн шүүх болохоос хонзон авдаг, бусдын зэвсэг болдог байгууллага биш. Үүнийгээ болих цаг болсон.

-УИХ Цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй байсан ч Цэц дээд суудлын хуралдаанаараа хэлэлцээд дунд суудлын шийдвэрийг хэвээр үлдээвэл хуульдаа өөрчлөлт оруулахаас өөр аргагүй болно биз дээ?

-УИХ, УИХ дахь МАН-ын бүлэг өмнөх гаргасан шийдвэртээ хатуу зогсоно гэж итгэж байгаа. Цэц ч энэ алдаагаа залруулна гэж итгэж байгаа. Хэрвээ үүнийг залруулахгүй бол шүүх эрх мэдлийн шинэчлэлийг бүрэн нураасан зүйл болно. Хэрвээ энэ нурвал Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, ард түмэнд амласан амлалт, шүүх эрх мэдлийг шинэчилье гэсэн хүмүүсийн судалгаа, хэлэлцүүлэг талаар өнгөрнө. Цэцийн их суудлын хуралдаанд би найдаж байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: itoim.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.195.111)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.