Н.Энхбаяр: МАН, МАХН нэгдэж ШИНЭ Үндсэн хууль батлаж БҮГД НАЙРАМДАХ УЛС байгуулна гэж тохиролцсон
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-05-04

МАХН-ын дарга Н.Энхбаяр: Бид энэ удаагийн сонгуульд өөрийн гэсэн нэр дэвшигчгүй. МАН болон МАХН нэгдэн нийлэх үйл ажиллагаа явуулж байгаа учир улс төрийн соёл үзүүлж, МАН-ын нэр дэвшигчийг дэмжин оролцохоор шийдвэрлэсэн. Хоёр намын нэгдэн нийлэх ажиллагаа гэрээнд тулгуурласан. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр гэрээнд гарын үсэг зурлаа. Олон жилийн турш энэ асуудлыг ярьж байсан гэдгийг та бүхэн мэднэ. Нэг угшил гаралтай, үзэл баримтлал нэгтэй, нэг үүх түүхтэй МАН, МАХН нэгдэн нийлэх үү эсвэл эвсэл болох уу сонгуульд хамтран оролцох уу гэдэг сүүлийн хэдэн жилд яригдаж ирсэн. Эцэст нь нэгдэн нийлэх нь зүйтэй гэж үзлээ. Гэхдээ хоёр том зарчмын асуудлыг урьдчилан тохирсон гэдгийг хэлмээр байна. Нэгдүгээрт жирийн гишүүдийн дунд хэлэлцүүлэг явуулсан. Хоёр намаас гаргасан ажлын хэсэг хамтарсан уриалга гаргалаа. Хамтарсан уриалга дотор 10 том зорилтыг дэвшүүлээд байна. Намын гишүүд энэ уриалгыг дэмжсэн бөгөөт тус уриалгад үндэслэн гэрээ байгууллаа. Гэрээнд нэгдэн нийлэх үйл явцад ямар том асуудлуудыг оруулахыг хэлэлцсэн юм. Бид шинэ Үндсэн хуультай болох талаар санал бодлоо солилцож байна. Хоёрдугаарт, Байгалийн баялаг ард түмний өмч байх ёстой гэж үзэж байгаа. Гуравдугаарт, нийгмийн чиг баримжаатай Бүгд найрамдах улсыг байгуулна гэсэн зарчим бий. 

Хоёр намын нэгдлийн хамгийн гол шалтгаан нь үндсэн хуулийн өөрчлөлт. Шинэ Үндсэн хууль буюу тав дахь Үндсэн хуультай больё гэж байна. Шинэ Үндсэн хуулийг батлах цаг нь болсон. Дэлхий нийтэд 25 жил тутамд нэг удаа Үндсэн хуулиа шинэчлэн баталдаг. Тийм учраас тавдугаар Үндсэн хуулийг боловсруулж батлах нь энэ тохирооны хамгийн гол зүйл.

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга: МАХН-ын 11 дэх Бага чуулган өчигдөр хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан нэр дэвшигчийг дэмжих тухай тогтоол гарсан. Мөн МАХН-ын ээлжит бус Их чуулганы товыг тогтоож, төлөөлөгчдийн журмыг баталсан. МАН болон МАХН нэгдэн нийлж том зорилгын төлөө цаашид явахаар боллоо. Бага чуулганаар мөн нэгдэн нийлэх хамтын ажиллагааг баталгаажуулаад байна.  

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.35.122)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.