Х.Нямбаатар: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХААР хуулийн төсөл бичиж байгаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-05-04

УИХ-ын хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна. Тус дүгнэлтээр Шүүхийн тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн билээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Б.Энхбаяр гишүүн өнөөдөр чөлөө авсан учраас хэлэлцэх асуудлыг хойшлуулах санал гаргасан.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Шүүхийн тухай хуулийг хэлэлцэж байхад бид шударга шүүхийн тухай асуудлыг л ярьж байсан. Монгол Улсын иргэн бүр шүүхийн өмнө адил тэгш эрхтэй байх асуудлыг ярьж байсан. Шүүхэд итгэх ард түмний итгэл өдрөөс өдөрт алдарч байна. Тиймээс шүүхийн шинэчлэлийг хийж зайлшгүй шаардлагатай болсон. УИХ-ыг Цэцэд төлөөлсөн Б.Энхбаяр гишүүн Шүүхийн тухай хуулийн ажлын хэсгийг ахалж байсан. Яагаад Цэцэд очиж тайлбар өгөөгүй юм бэ. Энэ хуралд Б.Энхбаяр ирээгүй гэж байна. Яагаад тайлбар өгөөгүй юм, санаачилсан хуулиа хамгаалаагүй юм.

Хууль зүйн сайд Х.Нямбаатар: Цэц Үндсэн хуулиар баталгаажсан төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг алдагдуулах нөхцөлийг бүрдүүлж Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 3,5,6 дахь заалтыг зөрчсөн байна гэж үзсэн. Манай яам Ерөнхийлөгчийн тухай хууль дээр ажиллаж байгаа. Энэ цаг үед та бүхэн ийм шийдвэр гаргасан. Бид 70 гаруй хуулиар Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлах хуулийн төсөл бичиж байна. Учир нь Үндсэн хуулийн 33.4-т заасан Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд зааснаар хуулиар олгож болно гэсэн байгаа. Цэцийн гишүүдээ та бүхэн Үндсэн хуулийн зөрчил рүү дагуулаад байна шүү. Цаашид бид шүүгч биш гишүүдийг аль институт өгөх вэ. Гүйцэтгэх засаглалд өг гэж байгаа бол маш тодорхой бичиж өгөх байсан. Ийм зарчимгүй, Үндсэн хуулийн зөрчил рүү хөтөлсөн шийдвэр гаргасан Цэцийн гишүүдэд харамсаж байна. Энэ дүгнэлтийг хүлээж авахгүй гэдэгт итгэж байна. Цэц Их суудлын хуралдаанаар энэ алдаагаа засна гэдгийг найдаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.10.1)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.