Багануур ХК-ийн хамт олон уурхайчиддаа вакцинд хамрагдахыг уриаллаа
Үйл явдал
/
2021-05-05

УРИАЛГА

 

Монгол Улсын Засгийн газар 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн дэлхий нийтэд тархаад байгаа коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг дархлаажуулалтыг хийж эхэлсэн. Багануур ХК нь Монгол улсын эрчим хүчний хэрэглээний нүүрсний 60 гаруй хувийг дангаар хангадаг, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц стратегийн ач холбогдол бүхий уурхай болохынхоо хувьд 2021 оны 03-р сарын 10-12-ны өдрүүдэд "AstraZeneca" вакцины эхний тун, 2021 оны 04-р сарын 29, 30-ны өдрүүдэд 2 дахь тунг хийлгэх ажлыг зохион байгуулж, нийт ажилтнуудынхаа 96,8 хувийг дархлаажуулалтын бүрэн тунд хамруулсан.

Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар чухал үүрэг гүйцэтгэдэг. Тухайлбал 2019 онд /ковидгүй үед/ уул уурхай хүнд үйлдвэрийн салбарын нэмэгдэл өртөг өмнөх оны мөн үеэс 7.0 хувиар өсөхөд улсын нийт эдийн засаг 6.9 хувиар өсөж байсан бол 2020 онд салбарын үйл ажиллагаа 20.7 хувиар буурхад эдийн засаг 7.3 хувиар агшсан тоон мэдээлэл бий. Энэ утгаараа салбарын байгууллага аж ахуйн нэгжүүддээ үйл ажиллагаагаа тасралтгүй, хэвийн, найдвартай явуулахын тулд ажилтнуудаа дархлаажуулалтанд бүрэн хамруулж улсынхаа эдийн засгийг хамгаалах, сэргээх чиглэлд манлайлан ажиллахыг уриалж байна. Уурхайчид та бүхэн Монгол улсын Үндсэн хуульд заасан журамт үүргээ сахин биелүүлж өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалж, дархлаажуулалтандаа бүрэн хамрагдаарай. Бид бүхэн халдвар хамгааллын дэглэмийг ягштал баримталж, хариуцлагатай, сахилга баттай байж хамтын хүчээр цар тахлыг даван туулж чадна.

 

БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИ

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.228.138)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.