Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдорж та хоёрын хэрүүлд МАНай нам буруугүй. Өөрсдөө учраа ол гэжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-05-06
УИХ дахь АН-ын бүлгээс өчигдөр үдээс хойш ҮАБЗ-ийг яаралтай хуралдуулах хүсэлтийг Ерөнхийлөгчид хүргүүлж, улмаар Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааныг 2021 оны тавдугаар сарын 5-ны өдрийн 17:30 цагт зарласан билээ. Гэвч цагаасаа оройтсон ҮАБЗ-ийн хуралдаанаар АН-гишүүдийн өлсгөлөнг хэлэлцсэн ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Нэг намын асуудал яахаараа Аюулгүйн зөвлөлийн асуудал болчихдог юм бэ... Надад хийх ажил их байна. Та энэ намыг самарсанаараа өөрөө л учрыг нь ол. Манай нам үүнд хамаагүй. Та харин аятайхан байхгүй бол хугацаанаас чинь өмнө огцруулах асуудал оруулж магадгүй шүү. Ерөнхийлөгч асан  Ц.Элбэгдорж та хоёрын зодоонд бид ямар буруутай гэж. Монгол Улсын Ерөнхийлөгч та ҮАБЗ хуралдахгүй байна гэж хэд хэдэн удаа худлаа ярьсан. Яг үнэндээ бол би С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг, Б.Хурцтай холбоотой асуудлаар ҮАБЗ-ийг хуралдуулъя гэж санал гаргаж, тань руу бичиг  хүртэл явуулж байсан шүү дээ. АН-ын тухайд бол энэ намыг Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж та хоёр хагалсан. Тэгэхээр та хоёр л өөрсдөө учраа олох ёстой. Энэ бол нэг намын асуудал, үүнийг битгий Монгол төрийн асуудал болго. Хөл хорио тогтоочихсон байгаа ийм үед иргэдийг өдөөн турхирсан ч юм шиг зүйл хийж болохгүй. Ер нь ч тэгээд ҮАБЗ шүүх биш, Цэц биш, СЕХ биш. ҮАБЗ хэрвээ зөвлөмж  гаргах юм бол СЕХ-ны хараат бус байдалд халдсан хэрэг болно. ” гэжээ. Уг хурал ямар нэг шийдвэр гаргаагүй тарсан байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.46.92)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.