М.Тулгат: Шулуухан хэлэхэд, АН хоёр хуваагдсан нь үнэн
Үйл явдал
/
2021-05-06

АН-ын дарга М.Тулгат :

Шулуухан хэлэхэд, АН хоёр хуваагдсан нь үнэн. Манай намын нэг хэсэг хүмүүс энд мөнгө, бяр нь байна, УИХ-ын гишүүд нь байна гэж Ерөнхийлөгчтэй талд нь нэгдэж, хамтарч ажиллаж ирсэн. Тэднийг Ерөнхийлөгч нэг хүний дангаар ноёрхох, хязгааргүй эрх мэдэлд хүргэх санаархалд ашиглах гэж байсан. Өнгөрсөн оны өмнө зохион байгуулсан аравдугаар Их хурлаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг өрсөлдөгчгүйгээр тодруулах хуйвалдааны шинжтэй дүрмийн бус өөрчлөлтийг хийх гэж оролдсон. Тэр нь өнөөдрийг хүртэл илчлэгдэж байна. Эрх ашгийн төлөөх хэсэг бүлэг хүмүүсийн сонирхлын нэгдэл.

Үүнд би намынхаа гишүүдийг ухамсарлаач, сэрээч ээ, үнэн, зөвийг дүгнээч гэж уриалмаар байна. Үнэн, үзэл санаа хүчтэй байдаг юм. Үргэлж худал мэдээлэл өнгөрсөн хугацаанд гаргаж ирлээ. Ямар их мөнгөтэй, хэвлэлийн багтай юм бэ. Одоо бүр талбайд өлсгөлөн зарлаж байна. Тэд талбай дээр монгол залуу өөрийгөө шатааж байхад ингэж өлссөн юм уу. Цар тахлын үед хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж байхад тэд ингэж жагссан юм уу. Бизнесийн салбарынхан унаж байхад тэд өлссөн юм уу. Одоо юуны төлөө өлсөж байгаа юм бэ. Хэний эрх ашгийн төлөө өлсөж байгаа юм. Хууль ёсны ардчилсан нам биднийг луйвар хийсэн гэж хэлж байгаа.

Өөр намын гишүүнийг нэг өдрийн дотор намдаа элсүүлээд маргааш нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж байдаг юм. АН-ын Үндсэн дүрэмд АН-д элсээд зургаан сарын дараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй байдаг. Энэ дүрмийг уландаа гишгэсэн. Яагаад 2020 оны сонгуулиар АН-ын гишүүдтэй өрсөлдөж бие дааж гарсан Н.Алтанхуягийг нэг өдрийн дотор бүлэгтээ авч хууль зөрчин нэр дэвшүүлдэг юм бэ. Дүрмийн дээгүүр алхсанаа яагаад юман чинээ санахгүй байна вэ. Ийм мэт нөхдүүд, ийм мэт дүрмийн бус үйлдлүүд Ардчилсан намыг ийм байдалд хүргэсэн.

Өнөөдөр АН ялгарч байна, жинхэнэ буурин дээрээ ирж байна. Хүний эрх, эрх чөлөөг тууштай хамгаалах хууль ёсны АН дээрээ эргэж ирээч ээ гишүүд минь.  Хууль ёсны АН энд байна. Одоо энэ төөрөгдлөөсөө гар. АН хүчирхэг болно оо. Үүний төлөө хамтдаа явцгаая гэж намын нийт гишүүддээ уриалмаар байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.139.224)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.