Н.Алтанхуяг: Монголд бүх эрх мэдлийг гартаа атгачихсан У.Хүрэлсүх гэдэг ХААНТАЙ болчихсон
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-05-12

УИХ-дахь АН-ын бүлгийн гишүүд төв талбай дахь улстөрийн нойтон өлсгөлөнгөө зогсоолоо. Учир нь тэдний өлсгөлөн тав дахь өдрөө үргэлжилж байхад УИХ-ын дарга Г.Занданшатар талбай дээр очиж АН-ын бүлгийн гишүүдтэй уулзах үеэрээ “Өлсгөлөнгөө зогсоохыг шаардаж, улмаар МАН, АН-ын гишүүдийн хамтарсан ажлын хэсэг байгуулах захирамж” гаргасан байдаг. Энэ дагуу өнөөдөр УИХ-ын гишүүд Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир тэргүүтэй МАН-ын бүлгийн гурван гишүүн, Ц.Туваан, Н.Ганибал, Ж.Батсуурь тэргүүтэй АН-ын бүлгийн гурван гишүүн зөвшилцөлийн ажлын хэсэг байгуулан хуралдаж үүсээд буй хурцадмал асуудлыг судлаж үзэхээр болсон юм.

Ингэснээр Их жанжин Д.Сүхбаатарын талбайд болсон сөрөг хүчний долоон гишүүний өлсгөлөн ийнхүү албан ёсоор зогсож, төв талбайд зассан лоозон самбар, ор дэр, хог новшоо хураалаа. Энэ үеэр өлсгөлөн зарласан УИХ-ын гишүүд үг хэллээ. Бие дааж Орхон аймгаас сонгогдсон ч Ерөнхийлөчгид нэр дэвшихийн тулд АН-ын бүлэгт элссэн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хэлсэн үгэндээ “Бид нэг намын дарангуйллыг сөрж чадлаа. Монголд ХААН болох гэсэн нэг хүн байна. Хууль, шүүх, АТГ, агентлагуудын удирдлагуудыг базчихсан. Тэр нь МАН-ын дарга У.Хүрэлсүх. Түүний даалгавараар бүх байгууллага ажиллаж, бүхэл бүтэн улстөрийн намыг хагалж, өөртэйгөө өрсөлдөх хүнээ ЗАХИАЛЖ, яаж дураараа аашлаж байгааг бид харлаа. Бидний өлсгөлөнгийн туйлын гол зорилго бол энэ буруу тогтолцоо, нэг намын дарангуйлал, бурангуй үзлийг халах, тэгш эрхийг хүртэх байсан юм” гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.247.125)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.