Л.Оюун-Эрдэнэ: Хотын иргэдээс ӨНДӨР ТАТВАР авч орон нутагт дэмжлэг үзүүлнэ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-05-15

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Орхон аймагт ажиллалаа. Энэ үеэр Орхон аймгийн удирдлагууд аймаг орон нутгаа хөгжүүлэх, дэд бүтцээ сайжруулах, хүн амын төвлөрлөө сааруулах, цахим “Эрдэнэт” зэрэг хот төлөвлөлтөө сайжруулах, иргэдээ орон сууцжуулах талаар танилцууллаа. Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хот “Эрдэнэтийн овоо”-ны арын сайхан хөндийд 1973 онд шаваа тавьж, 1994 онд “Орхон” аймаг болсон. Өдгөө Орхон аймгийн хүн ам 90 орчим мянга болж үзүүлэлтээрээ улсынхаа хэмжээнд Улаанбаатар хотын дараа хоёрдугаар байрт ордог. Хүн амын жилийн дундаж өсөлт 2.2 хувь бөгөөд нийт хүн амын 63.9 хувийг залуучууд эзэлдэг. Аймгийн хүн амын 64 хувь нь хөдөлмөрийн насных бөгөөд эдийн засгийн идэвхтэй хүн амын 95.2 хувь нь хөдөлмөр эрхэлж байна.

Энэ үеэр “Эрдэнэт Шинжлэх Ухаан Технологийн Парк” ОНӨААТҮГ-ын танилцуулга хийсэн. Уг Парк нь орон нутгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх судалгаа хийх,  инновацийн тогтолцоо, гарааны бизнес хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлд голлон анхаарч ажилладаг гэдгийг удирдлагууд нь хэллээ.

Энэ үеэр Орхон, Дархан-Уул аймагт нийслэлийн иргэдийг төвлөрүүлэх зорилготойгоо илэрхийлж, орон сууцын төслийн зардалд Засгийн газраас дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлэв. Ингэхдээ зохион байгуулалт, хот төлөвлөлтийг нарийвчлан хийхийг анхааруулж, хотод суурьших иргэдээс өндөр татвар авч, орон нутагт ажиллаж, амьдрахад нь тэтгэлэг олгох хэлбэрийн төсвийн реформ хийнэ гэдгээ мэдээлэв. Эл бодлогын хүрээнд Дархан-Уул, Орхон аймагт хүн амын төвлөрөл бий болгон, орон сууцыг нэмэгдүүлэх ажилд дэмжлэг үзүүнэ гэжээ. Орхон аймгийн мэдээлэл шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай анх удаа танилцлаа. Цахимжуулалт маш сайн хийсэн байна. Үүнд Засгийн газрын зүгээс талархаж байгаагаа илэрхийлье. Вакцинд хамрагдалтын мэдээлэл, явц болоод Орхон аймгийн зарим төрийн байгууллагад очиж танилцахаас илүүтэйгээр нэгдсэн системийн удирдлагаар цахимаар танилцах боломжтой болсон нь олон давуу талыг бий болгож байна. Цаашдаа e-mongolia хөтөлбөр орон нутаг руу салбарлаж орох ёстой. Орон нутгийн удидлагууд хамтарч манлайлан ажиллах хэрэгтэй" гэв.

Мөн энэ үеэр орон нутагт тулгамдаж байгаа хэд хэдэн асуудлыг аймгийн удирдлагууд ерөнхий сайдад хандаж тавьсан юм. Тухайлбал орон сууцны төсөлд хамрагдах зардлын асуудалд анхаарч өгөхийг хүслээ. Засгийн газраас энэ ажилд 50 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэхээ засгийн газрын тэргүүн хэлсэн юм.  Төр дэд бүтцүүдийг нь дэмжин, компаниуд орон сууцнуудаа барих зарчмаар явах нь зүйтэй гэлээ. Засгийн газраас ирэх жилийн тэргүүлэх бодлого нь орон сууцжуулахад анхаарч байгаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.31.165)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.