МАХН сүүлчийн шагналаа У.Хүрэлсүхэд гардуулаад ТАТАН БУУГДЛАА
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-05-17

Алим модноосоо хол унадаггүй ээ гэж үнэн үг шүү. "Х" үсэгнээс болж муудалцан хоёр тал болж байсан намууд өнөөдөр тэврэлдэн, амраглаж байна. Тэрч бүүхэл дарга нартаа одон тэмдэг зүүж өгөөд, ордон дотор хундага тулгаж байдаг. Мэдээж тохироо, өгөө аваа, дарга даамлын суудал, мөнгө төгрөг өгөлцөж авалцаж, гэмт хэргийг нь уучилж өршөөх гээд олон асуудал яригдсан байх. Хэвлэлд ил болсон нь МАН, МАХН хоёрын нэгдлийн хамгийн чухал шийдвэр нь одоогийн хүчин төгөлдөр Үндсэн хуулийг хэрэгсэхгүй болгож ШИНЭ ДЭЭД Үндсэн хууль гэгчийг байгуулах, улмаар улсынхаа нэрийг Бүгд найрамдах улс болгох юм гэнэ лээ... Н.Энхбаяр гуай л өөрөө ийм хачин зүйл ярьсан. Тэдний энэ саналыг МАН-ынхан хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй нь лавтай.

МАХН уг нь УИХ, орон нутагт суудалтай сөрөг хүчин байсан ч ард түмний сонголтын эсрэг тэд гэнэтийн шйидвэр гаргаж 2020 оны сүүлчээр л МАН-тай нэгдэх тухай ярилцаж, нууцхан уулзаж, битүүхэн санааширч, эрх мэдэл, бяр чадлыг олзуурхаж явсаар 2021 оны 03 дугаар сарын 01 буюу Эх орончдын баяртйа золгож, Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөснөөр энэ бүх зүйл илчлэгдэв. МАХН хэрвээ хөөгдөж туугдсан МАН-тайгаа өвөр түрийндээ нэгдэж орон, үнсэлцэж янаглалцаагүй бол Орхон аймгаас сонгогдсон С.Ганбаатар гишүүн Монгол Улсын зургаадах Ерөнхийлөгчөөр сонгогдох бүрэн боломж байсан. Гэвч Н.Энхбаяр тэргүүтэй нөхөд Ерөнхийлөгчийн эрх мэдлээс илүү МӨНГӨНД ЯВЧИХСАН нь харамсалтай. За ингээд өнгөрөгч дөрөвдүгээр сарын сүүлээр хоёр нам нэгэн хөнжилдөө багтаж бүтэн болов.

Хамтралын гэрээ ёсоор МАХН өнөөдөр ТАТАН БУУГДЛАА.  2005 онд УИХ-аас баталсан Улстөрийн намын тухай хуульд зааснаар Нам нь “Монгол Улсын Yндсэн хуульд заасны дагуу нийгмийн ашиг сонирхол болон хувийн үзэл бодол, улс төрийн үйл ажиллагаа явуулах зорилгын үүднээс сайн дураараа эвлэлдсэн Монгол Улсын иргэдийн нэгдлийг хэлдэг.  Мөн хуулийн 23.1.Нам үйл ажиллагаагаа намын эрх барих дээд байгууллагын шийдвэрээр зогсоох бөгөөд ажлын 5 өдөрт багтаан Улсын дээд шүүхэд энэ тухай бичгээр мэдэгдэнэ. Улсын дээд шүүх ажлын 5 өдөрт багтаан уг намыг улсын бүртгэлээс хасч, нийтэд мэдээлнэ гэсний дагуу ХУВЬСГАЛТ намын нэрийг өмчлөгч Н.Энхбаяр тэргүүтэн таван өдрийн дотор тус намыг тараах тухай шийдвэрээ гаргах нь.

МАХН-ын ээлжит бус их чуулган өчигдөр болж МАН болон МАХН-ууд нэг нам болох уриалгыг танилцуулж, нэгдэх асуудлыг хэлэлцсэн байна.  Чуулганд МАН-ын дарга У.Хүрэлсүх оролцжээ. Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр “Нэг нууцыг задлахад, гуравдугаар сарын 1-ний өдөр би У.Хүрэлсүх даргын гараас МАН-ын 100 жилийн ойн медалийг авсан. Одоо би МАХН-ын 100 жилийн ойн медалийг У.Хүрэлсүх даргадаа гардуулж байна. У.Хүрэлсүх дарга маань том сорилтод орж, сонгуульд нэр дэвшсэн. Тиймээс МАН, МАХН нэг цул болж, улс орныхоо төлөө томоохон үйл хэрэг бүтээнэ гэж дотроо бодож зорьж байгаа. Монгол Улсын зургаа дахь ерөнхийлөгчийн сонгууль та бидний ялалтаар өндөрлөх болно. Итгэж байн” гэжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.202.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.