3% зээл хүсэгчдийн ТАЛААС илүү нь гомдолтой үлдэх магадлал өндөр байна
Үйл явдал
/
2021-05-21

Засгийн газраас эдийн засгаа эрчимжүүлэх 10 их наяд төгрөгийн санхүүжилттэй цогц төлөвлөгөө хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд иргэн, аж ахуйн нэгжийн бизнесийн үйл ажиллагаа, ажлын байрыг дэмжих чиглэлд хоёр их наяд төгрөгийн санхүүжилтийг хуваарилж, гурван хувийн хүүтэй зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгож байна. 

Өнөөдрийн байдлаар 12.4 мянган иргэн, аж ахуйн нэгж 882.1 тэрбум төгрөгийг зээлийг гурван хувийн хүүтэйгээр олгоод байгаа аж. Энэ нь 52.7 мянган иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтээс сонгож олгосон дүн юм. Цаана нь хүсэлтийг хянаагүй 25 мянга иргэн, аж ахуйн нэгж хүлээгдэж байна. Мөн арилжааны банкууд гурван хувийн хүүтэй зээл олгохоос татгалзсан 3500 иргэн, аж ахуйн нэгж гомдолтой үлджээ. Арилжааны банкууд зээлийн шалгуур хангаагүй, бизнес төлөвлөгөө муу, барьцаа хөрөнгийн дутагдалтай иргэн, ААН-д зээл олгохоос ихэнхдээ татгалзаж байгаа юм байна. Одоо хүлээгдэж байгаа 25 мянган иргэн, ААН-ээс тал нь гурван хувийн хүүтэй зээл хамрагдаж, тал нь гомдолтой үлдэх магадлал өндөр. 

Уг нь иргэн, аж ахуйн нэгжийг арилжааны банкнаас зээл авахад дэмжлэг үзүүлэх үүднээс Зээлийн батлан даалтын сан онцгой үүрэг гүйцэтгэж, барьцаа хөрөнгийн дутагдалтай иргэн, ААН-ийн зээл хүссэн үнийн дүнгийн 60 хувьд батлан даалт гаргах боломжтой гэж Сангийн сайд, Монголбанк мэдээлж байв. Гэтэл өнөөдөр зээл авсан 12.4 мянган иргэн, аж ахуйн нэгжийн 12-т нь Зээлийн батлан даалтын сангаас баталгаа гаргасан байна. Энэ нь маш хангалтгүй ажиллаж байна гэх шүүмжлэлийг иргэн, ААН, эдийн засагчдаас илэрхийлж байгаа юм. Ихэнх зээлдэгч барьцаа хөрөнгийн дутагдлаас болж банкинд шалгуурт бүдэрч байгаа.

Иймд цаашдаа Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, зөв чиглэлд оруулах үүднээс удирдлагад нь өөрчлөлт оруулахаар болсныг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэв. Тодруулбал, Зээлийн батлан даалтын сан ХХААХҮЯ-ны харьяанд байсныг Сангийн яамны харьяанд шилжүүлж, Удирдах зөвлөл, ТУЗ-ийн даргаар Монголбанкнаас төлөөлөл ажиллах юм байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.102.50)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.