ФОТО: Хууль ИРГЭНД ҮЙЛЧИЛДЭГ шударга ёсыг бий болгосон ХҮЧИРХЭГ МОНГОЛЫГ ХАМТДАА бүтээцгээе
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-05-24

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх нэр дэвшигчийн үнэмлэхээ гардлаа.  У.Хүрэлсүх сонгуулийн мөрийн хөтөлбөрийн онцлох заалтуудыг танилцууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг бол ард түмний эв нэгдлийн илэрхийлэл, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Үндэсний аюулгүй байдлын тэргүүн. Энэ бол маш хариуцлагатай алба. Хэрвээ би Ерөнхийлөгчөөр сонгогдвол дараах зүйлүүдэд анхаарал хандуулж ажиллана. Нэгдүгээрт, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэхэд ихээхэн анхаарна. Хууль бус, шударга бус тогтолцоог таслан зогсооход анхаарал тавьж ажиллана. Шүүх, прокурор зэрэг хууль хяналтын байгууллагын шинэчлэхэд тусгайлан анхаарна. Хүн биш хууль засагладаг төртэй болох ёстой гэж үзэж байна.

Хоёрдугаарт, хүний эрх, эрх чөлөө, ардчилсан тогтолцоог, эрх зүйт төрөө бэхжүүлэхэд ихээхэн анхаарч ажиллана. Хүний эрх эрх чөлөөг хадгалах парламентын тогтолцоог улам бэхжүүлэхийн төлөө анхааран ажиллана. Монгол Улс бол нэгдмэл нэг улс. Ардын намын Ардчилсан намын Монгол Улс гэж байхгүй. Ерөнхийлөгчөөр сонгогдвол ард түмнийхээ эв нэдлийг нүдний цөцгий мэт сахин хамгаална. Ард түмний эв нэгдлийг сахин хамгаалах нь Ерөнхийлөгчийн тэргүүн эгнээний үйл хэрэг.

Гуравдугаарт, Монголын иргэн болгон байгалийн баялгаас ижил тэгш хүртэж байх ёстой. Тийм учраас байгалийн баялгийн үндэсний санг байгуулж, улс орныхоо бүтээн байгуулалтыг хийж, иргэддээ баялгийг тэгш хуваарилна.

Дөрөвдүгээрт, дараагийн гол анхаарлаа хандуулах сэдэв бол гадаад харилцааны асуудал. Төрийн тэргүүний гол ажлын нэг бол гадаад улсад улс орноо төлөөлөх явдал. Монгол Улс НҮБ-д элссэний 100 жилийн ой энэ жил тохиож байна. Манай улс 2002 оноос хойш энхийг сахиулах ажиллагаанд оролцож байна. Хэрэв би Ерөнхийлөгчөөр сонгогдвол НҮБ болон олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүнд, байр суурийг улам өргөжүүлэн баталгаажуулахын төлөө бүхий л боломж нөхцлөө дайчлан ажиллах болно.

Тавдугаарт, Хүчирхэг Монгол Улсыг байгуулахын тулд Засгийн газар, УИХ-тай хамтран ажиллана. Цар тахлыг даван туулахын тулд Ерөнхийлөгчийн хувьд Засгийн газар, УИХ-тай хамтран ажиллана" гэдгийг хэллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.79.206)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.