Тавантолгой, Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр замын бүтээн байгуулалт дууслаа
Үйл явдал
/
2021-05-25
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны тавдугаар сарын 22-23-ны өдрүүдэд Дорноговь, Өмнөговь аймгуудад ажиллаж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.
 
Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2019 оны тавдугаар сарын 24-ний өдөр нээлтээ хийсэн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км хэвтээ тэнхлэгийн төмөр замын дээд, доод бүтцийн ажил үндсэндээ дуусаж, 2021 оны зургадугаар сард хүлээлгэн өгөх гэж байна.
 
Тус төмөр замын доод бүтцийн ажлыг Зэвсэгт хүчний 10 гаруй анги, туслан гүйцэтгэгч дотоодын 60 гаруй аж ахуйн нэгжийн 6,000 орчим ажилчид 1.2 жилийн хугацаанд гүйцэтгэж, 2020 оны наймдугаар сарын 25-ны өдөр хүлээлгэн өгсөн юм.
Харин төмөр замын дээд бүтцийн үндсэн бүрдэл хэсэг болох рейльс төмрийг угсрах, 2 үе балластыг дэвсэх, чигжих ажилд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн туслан гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний Жанжин штаб оролцож, 195 км, 221 км-ийн ажлыг тус тус хуваан гүйцэтгэжээ. Мөн төмөр зам дагасан 6 зөрлөг, 1 өртөөний барилгын ажлыг мөн Зэвсэгт хүчний ангиуд барьж дуусгаад байна.
 
ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН 240 КМ ТӨМӨР ЗАМ:
"Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захиалгаар баригдаж буй Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замын төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь Интернэшнл” ХХК, туслан гүйцэтгэгчээр дотоодын 63 аж ахуйн нэгж оролцож байна.
 
Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумдын нутгийг дайран өнгөрөх нэгдүгээр зэрэглэлийн төмөр зам нь нийтдээ 2 өртөө, 6 зөрлөгтэй байх юм.
Төмөр замын эхлэлийн цэг буюу Тавантолгой өртөөний дэргэд баригдаж буй зогсолтгүйгээр нүүрс тээвэрлэх тойрог замын барилгын ажил 92.8 хувийн гүйцэтгэлтэй байна.
Харин нүүрс тээвэрлэх тойрог замаас эхэлсэн төмөр замын трассын дагуу 201.2 км дээд бүтцийн барилга угсралтыг дуусгажээ.
Ийнхүү Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам төгсгөлийн цэгтээ буюу Монгол Улс-БНХАУ-ын хилд тулж ирснээр хил холболтын асуудлыг шийдвэрлэх үлдээд байна.
 
Тус төмөр зам ашиглалтад орсноор Тавантолгойн бүлэг ордын олборлолтын хэмжээ 2-3 дахин нэмэгдэж, жилд 30 сая тонн коксжих болон эрчим хүчхний нүүрсийг экспортлох боломжтой болно. Ингэснээр Монгол Улс байгалийн баялгаа БНХАУ-ын Хуанхуа, Тяньжин, Чиндао, Жинжоу зэрэг далайн боомтоор дамжуулан олон улсын зах зээлд өрсөлдөхүйц үнээр гаргаж чадна.
Түүнчлэн дотоодын нүүрс тээврийн зардлыг 4 дахин бууруулахаас гадна бэлчээр сүйтгэх, тоосжилт, чимээ шуугиан, хөрс болон агаарын бохирдол үлэмж хэмжээгээр багасаж, байнгын 2,000 орчим ажлын байр бий болно гэж үзэж байна. Тус төмөр замыг 2022 оны долдугаар сард ашиглалтад оруулах юм.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.42.116)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.