Г.Ган-Очир: н.Амарбаясгалан н.Сумъяабазар нар зөрчилдөж эхэлснээр энэ хэрэг илэрсэн
Үйл явдал
/
2021-05-25

Нам, төрийн өндөр албан тушаалтнуудын хамтаар Төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэрэгт зургаан сарын турш ТЕГ, Цагдаад шалгагдаж байгаад “Хохирогчгүй” гэх үндэслэлээр хэрэг нь хаагдаад буй иргэн Г.Ган-Очиртой ярилцлаа.

 

-Та өөрийгөө товч танилцуулахгүй юу?

 

-Намайг Ган-Очир гэдэг. График дизайнер мэргэжилтэй. Ийгл телевиз болон Боловсролын яаманд мэргэжлээрээ ажиллаж байсан. 

 

-Та хэзээнээс МАН-д ажиллаж эхэлсэн юм бэ?

 

-МАН-д гэхээсээ МАН-ын гишүүдтэй нь хамтарч ажиллаж байлаа. Цогзолмаа сайд болон Баянгол дүүргийн МАН-ын хорооны дарга Ж.Ганбаатар гишүүн, дэд дарга Б.Сэмжидмаа гэх мэт хүмүүстэй нэлээн ойр ажилласан. Голдуу л сонгуулийн сурталчилгааны ажил дээр хамтарч байв.

 

-Төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэрэгт шалгагдсан талаараа мэдээлэл хийсэн. Яаж яваад ийм ноцтой хэрэгт орооцолдчихов оо?

 

-Энэ хүүхнүүд үү гэдэг кинон дээр гардаг шиг эхэндээ ч энгийн л нэг сонгуулийн сурталчилгааны ажилд оролцож байна гэж боддог байлаа. Гэтэл явцын дунд тийм биш гэдэг нь олон зүйл дээрээс ойлгогдож эхэлсэн. Тэд ч намайг итгэж болох хүн гэж бодсон уу, хийж байгаа зүйлийнхээ зах зухаас ярьж эхэлсэн л дээ.

 

-Тэд гэдэг нь ямар хүмүүс вэ?

 

-Намайг анх энэ ажилд зуучилж, санал тавьсан хүн бол өдгөө БГД-ийн ИТХ-ын даргаар ажиллаж байгаа Б.Сэмжидмаа. Явцын дунд өөрсдийгөө СЕХ-ны IT инженер гэдэг Мөөгий, Мөнхбат гэх хоёр залуу, мөн МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн туслах Доогий, одоо нийслэлийн ЖДҮ-ийн дарга хийж буй Г.Гангамөрөн, Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга асан одоогийн СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай болон нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нартай танилцаж, нэг баг болж ажиллаж байгаагаа мэдсэн.

 

-Танай баг сонгуулиар ямар үүрэг гүйцэтгэж байсан юм бэ?

 

-Гол ажлыг Мөөгий, Мөнхбат хоёр нугалж байсан. Учир нь, тэд 2018 онд лицензийнх нь хугацаа дууссан Санал хураах хар машиныг шинээр програмчилсан хүмүүс. Өөрөөр хэлбэл, өөрсдийнхөө зохиосон алгоритмын дагуу хэнийг сонгуульд ялуулж, хэнийг удаалуулж, хэнийг хамгийн бага санал авахуулах гэх мэт тооцооллыг гаргаж байсан хүмүүс. Мэдээж тэдний дээр Д.Амарбаясгалан, Д.Сумъяабазар нар чиглүүлж байсан нь ойлгомжтой. Өөрсдөө ч тэгж ярьдаг байсан юм. Харин бид бол нэрсийн жагсаалт гаргах, шивэх гэх мэт хар ажлыг нь хийнэ. Мөн “Жанчив” буюу удирдлагууд болон сонирхол бүхий этгээдүүдийн хооронд “холбоочин” хийнэ. 

 

-Та маш ноцтой зүйл ярьж байна л даа. Энэ бүхнийгээ нотлох баримт байгаа гэж найдъя.

 

-Би тагнуул, цагдаад зургаан сар байцаагдахдаа мэдүүлсэн бүхнээ л танд ярьж байна.

 

-Энэ хэрэгт та л ганцаараа шалгуулсан юм уу. Өөр хүмүүсийг шалгасан уу?

 

-Энд нэр дурдагдсан бүх л хүмүүс шалгагдсан. 2020 оны есдүгээр сарын эхээр намайг ТЕГ-аас баривчилсан. Мөн Мөөгий, Мөнхбат нарыг ч баривчилж шалгасан. Харин бусдыг нь бол дуудаж байцаалт авсан гэсэн. Биднийг тус тусад нь байцааж, уулзахыг хориглож байсан л даа. 

 

-Д.Амарбаясгалан, Д.Сумъяабазар нарыг ч шалгасан уу?

 

-Би анхнаасаа л мэдүүлгээ үнэн зөв шударгаар өгье гэж шийдсэн учраас мэддэг бүхнээ л хэлсэн. Тэгэхээр шалгасан байх учиртай. Хоёрт, ийм ноцтой гэмт хэрэгт холбогдсон нь миний хувьд цочирдмоор зүйл байсан. ТЕГ-аас намайг баривчилсан даруйдаа гурав хоног хорьж байцаасан. Би тулгамдаад өмгөөлөгчгүй байцаалт өгч эхэлсэн нь том алдаа болсон. Хэрэг бишдэж, ТЕГ, цагдаагийн ажилтнуудын хандлага илт намайг буруутгах шинжтэй болж эхлэхэд өмгөөлөгч авах хүсэлтээ илэрхийлж, өмгөөлөгчийнхөө гэрээг авчирч өгөхөд прокурор шууд миний өөдөөс шидсэн. Чи анхнаасаа өмгөөлөгчгүй явна гэсэн учраас одоо өнгөрсөн гэж хэлсэн л дээ. Би ч хуулийн мэдлэг дутмагаасаа болоод мөн хуулийн ажилтнуудын байнгын заналхийлэлд өртөж байсан учраас айж эмээгээд хүчтэй эсэргүүцэж чадаагүй. 

 

-Хуулийн ажилтны заналхийлэл гэдэг нь юу гэсэн үг вэ?

 

-Тагнуулынхан анхнаасаа л  “Чи ямар том том хүмүүсийн нэр хэлдэг юм бэ. Өөрт чинь л муу штээ” гэж сануулж байсан. Харин цагдаагийн дарга Ганбаатар гэж хүн байнга намайг сэтгэл санааны дарамтад оруулж, чи удахгүй шорон руу ачигдана, бэлтгэлээ базаасан уу. Дор хаяж 10 жил авах чинь тодорхой гэх мэтээр дарамталж, нэг ёсондоо сэтгэл зүйгээр минь эрүүдэн шүүж байсан. Би ч айж эмээсэндээ мэдүүлгээ хамаа замбараагүй, өөрийнхөө эсрэг ашиглах боломжтойгоор өгч байсан юм билээ, хожим бодоход. Ер нь миний өмгөөлөгч авах, өөрийгөө өмгөөлүүлэх наад захын эрхийг эдлүүлэлгүйгээр зургаан сарын турш байцаасан. Үүнийг олон улсын хэллэгээр бол сэтгэл санаагаар нь эрүүдэн шүүх гэж үздэг юм билээ.

 

-Энэ хэрэгт Ерөнхийлөгчийн зөвлөх Пүрэвдаваа, Нүрзэд нарын нэр холбогдож байсан. Энэ талаар тодруулахгүй юу?

 

-Миний ойлгосноор энэ баг 2020 оны УИХ-ын сонгуулиар маш цөөн хүрээлэл дунд, нууцлалаа сайтар хангаж ажилласан юм билээ.  Б.Сэмжидмаа, Г.Гангамөрөн болон Мөөгий, Мөнхбат нар энэ талаар бахархангуй ярьж байсан. Орон нутгийн сонгуулиар яалт ч үгүй олон хүний оролцоо орж, тэр хэрээр нууцлал нь алдагдаж задарч эхэлсэн. Мөн Д.Амарбаясгалан, Д.Сумъяабазар нарын дунд зөрчил үүсч эхэлсэн. Энэ үед Д.Пүрэвдаваа, П.Нүрзэд нар гарч ирсэн. Ажаад байхад тэд Д.Сумъяабазартай нь арай ойр байх шиг байсан. Учир нь, Д.Сумъяабазар намайг 2-3 удаа дуудаж уулзаад энэ зургаан давхрын н*вш (Амарбаясгалан Тусгаар тогтнолын ордны зургаан давхарт, Д.Сумъяабазар есөн давхарт суудаг) намайг жийх гээд байна. Чи л ахдаа тусал, нийслэлд бид заавал ялах ёстой. Зоригтой байна шүү дүү гэж ятгах болсон. Удалгүй Д.Пүрэвдаваа, П.Нүрзэд нар Новотель зочид буудалд Мөөгий, Мөнхбат нартай уулзаж, дөрвөн тэрбум төгрөг өгье Баянзүрх, Баянхонгорт ялуулаад өгөөч гэсэн байсан. Мөөгий, Мөнхбат хоёр тэр уулзалтын дараа нэлээн бухимдалтай байсан нь Д.Амарбаясгалан энэ “наймаа”-г нь хүлээн зөвшөөрөөгүйгээс болсон юм шиг байна лээ. Дараа нь Д.Пүрэвдаваа, П.Нүрзэд нар долоон тэрбумыг санал болгож, туслахаараа дамжуулж, сонгуульд ялуулах хүмүүсийнхээ нэрсийг флашаар авчирч өгч байсныг нотлох баримтууд ч бий. 

 

-Д.Пүрэвдаваа гэж хүн энэ талаар тайлбар өгч байсан. Таныг танихгүй. Өөрөө хүрч ирж санал тавьсан гэх юм ярьж байна?

 

-Улс төрчид цагааныг хар, харыг цагаан гэж ярихдаа гарамгайг Монголын ард түмэн надаар хэлүүлэлтгүй мэддэг болсон биз. Тэр хүн өөр юу ч гэж ярьж мэднэ. Ер нь намайг гүтгэж харлуулахын тулд бүхнийг хийх нь тодорхой. Тэглээ гээд Д.Пүрэвдаваа гэдэг хүний юу ярьж, юу гэж мессеж бичиж байсан нь баримттайгаа надад бий. Гэхдээ асуудлын гол нь хэн нэг Д.Пүрэвдаваадаа биш шүү дээ. Бүхэл бүтэн улсын төрийн эрхийг хууль бусаар авчхаад байна шүү дээ. 1990 онд тайван замаар шилжсэн төрийн эрхийг өнөөдөр ингэж луйвардаж авч байгаа нь цааш цаашдаа Монголд тогтох дарангуйллын зөвхөн эхлэл нь. Ийм аймшиггүйгээр төрийн эрхэнд халдаж, засгийн бүх эрхийг авсан улс цаашдаа юу ч хийж мэднэ. 

 

-СЕХ-ноос манайд Мөөгий, Мөнхбат гэж хүмүүс ажилладаггүй. Сонгууль болохоор л хар машинтай холбоотой цуурхал гардаг гэсэн мэдээлэл өгсөн?

 

-Тэр хоёрыг СЕХ нь ТЕГ-т харьяалагддаг, ТЕГ нь СЕХ-ных гээд байдаг. Амарбаясгалан болохоор “Манай дүү нар” гээд дотночлоод байдаг юм билээ. Хэрэв тэр хоёр над шиг шүгэл үлээдэг бол их юм ярина даа. Гэвч энэ хэрэг шалгагдаж эхэлснээс хойш сураггүй алга болчихсон. Бодвол гадагшаа гаргасан байх. 

 

-Прокурор болохоор энэ хэргийг шалгаад хохирогчгүй гэж бус гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хаасан. Ер нь залилангийн шинж чанартай гэх тайлбар өгсөн байна лээ?

 

-Миний олон нийтэд хандах болсон гол шалтгаан ердөө л энэ. Би бол прокурорын надад хэлсний дагуу л хэргийг хохирогчгүй гэх үндэслэлээр хаасан гээд байгаа юм. Гэтэл өнөөдөр тэд огт өөр юм ярьж эхэллээ. Намайг өмгөөлөгч авах эрхээр минь ч хангаагүй, хавтаст хэрэгтэй ч танилцуулаагүй. Одоо гэрч гэсэн юм ярьж байна. Хэрэв би энэ хэргийн цорын ганц гэрч мөн юм бол, прокурор тэгж үзэж байгаа юм бол яагаад энэ хэргийг хааж байгаа юм. Миний өгсөн мэдүүлгийн дагуу төрийн эрхийг хууль бусаар авсан байж болзошгүй нэр бүхий хүмүүсийг шалгаж, зохих шийтгэлийг оногдуулах ёстой биз дээ. 

Ер нь энэ хэрэг явж явж намайг залилагч, луйварчин болгож харагдуулаад дуусах юм шиг байна лээ. Ийм сценарын дагуу ч шалгалтын ажил явагдсан гэдэгт улам итгэлтэй болж байгаа. 

 

-Та энэ талаар өмнө нь дуугарахгүй байж байгаад яагаад Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө олон нийтэд хандаж байгаа юм бэ. Энэ нь таныг хоёр дахь Доржзодов гэх ярианд хүргээд байна?

 

-Өнгөрсөн оны есдүгээр сард намайг ТЕГ-аас баривчилсан. Ингээд зургаан сар орчим шалгаад саяын 28 хоногийн хорионы өмнөхөн хэрэг хаагдсан. Хэрэг нэгэнт шалгагдаж дууссан тул миний олон нийтэд хандах эрх нээгдсэн гэж ойлгосон. 

Хоёрт, би Клабхауст энэ талаар анх мэдээлсэн. Тухайн үед цөөнгүй хүн энэ талаар сонсч, мэтгэлцсэн. СЕХ-ны төлөөлөл ч орж ирсэн. Үүний дараа бие даагчдын зүгээс ч , АН-ын зүгээс ч, Ерөнхийлөгчийн зүгээс ч, МАН-ын зүгээс ч уулзах саналууд ирж эхэлсэн. МАН талаасаа бол “Ирж уулз, мөнгөө аваад чимээгүй бол” гэдэг саналууд тавьж байсан бол бусад талууд “олон нийтэд ил гарч шүгэл үлээгээч ээ” гэсэн саналыг тавьж байсан. Миний хувьд хэзээ ч МАН-ын талын саналыг хүлээж авахгүй. Хэрэв би мөнгө төгрөг авах л юм бол энэ хэргийн гэрч биш оролцогч болж хувирна. Хэзээ нэгэн цагт энэ хэргийн бодит үнэн илэрч, гэмт хэрэгтнүүд хариуцлагаа хүлээж л таарна. Тийм учраас би шударга бус сонгуулийн золиос болсон сөрөг хүчин, бие даагч нартай хамтарч олон нийтэд хандах замыг сонгосон юм.

Гуравдугаарт, Доржзодов гэдэг хүн өөрөө 60 тэрбумын схемийг зохиогоод түүнийгээ МАН-ын удирдлагуудад танилцуулсан гэж ойлгодог. Миний хувьд тийм зохиосон барьсан зүйл байхгүй. Д.Амарбаясгалан, Д.Сумъяабазар нар дээр ч орсон зүйл байхгүй. Сонгуулийн сурталчилгааны ажилд оролцох нь гэсэн ойлголттойгоор л энэ багт анх нэгдэж байсан.

 

-Ерөнхийлөгчийн зүгээс тавьсан саналыг хүлээж авах боломж байсан уу. Ер нь ямар санал тавьсан юм бэ?

 

-Өмнө нь хамт ажилладаг байсан сэтгүүлч эгчээр дамжуулж, Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга, нөхөр А.Баатархуягтайгаа Яармагийн Гарден сити хотхонд байх гэрийнхээ хажууд авчирч уулзсан. Мөн л “шүгэл үлээгээч ээ, өмнө  нь бид Доржзодовтой маш сайн хамтарч ажилласан. ҮАБЗ-ийн ажилтнаар авсан, гадаадад гаргасан, сая доллар өгсөн” гэх зүйлсийг ярьсан. Харин би хоёр дахь Доржзодов болохыг хүсээгүй, мөн ямарваа хэлбэрээр хэн нэгнээс мөнгө төгрөг авахыг ч хүсээгүй. Тийм учраас шууд л татгалзсан. Тэгээд ч Ерөнхийлөгч МАН-ыг тараах захирамж гаргасан үед би нийлээд явах нь төрийг тогтворгүй байдалд аваачих, нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэх эрсдэлд хүргэж болохыг ойлгосон. Үүний оронд сөрөг хүчнүүд болон олон нийтэд хандах нь Ардчиллыг хамгаалах нь цорын ганц зөв гарц гэж харсан. Тэгээд ч хэзээ нэг өдөр энэ хэрэг илрэхэд хамгийн сул дорой хамгаалалтгүйгээр нь надад хамаг хэргийг тохоод өнгөрөх аюултай хүмүүс гэдгийг мэдсэн, мэдэрсэн учраас олон нийтийн хамгаалалтад орохыг хүссэн. Ямартай ч би энэ хэргийн талаар мэддэг бүхнээ олон нийтэд хэллээ, хуулийн байгууллагад ч мэдүүллээ. Иргэнийхээ үүргийг биелүүллээ. Цаашид Монгол Улсад Ардчилал оршин тогтнох уу, шударга ёс хэрэгжих үү гэдгийг монголчууд өөрсдөө шийдэх биз. Ингэж шүгэл үлээсний минь төлөө надад ирэх дарамт шахалт улам нэмэгдэх нь тодорхой. Намайг дахин барьж хорьж шалгаж ч мэднэ. 

 

-Гол нь таны хэлсэн ярьсан бүхнийг батлах нотлох баримт л чухал байна?

 

-Амьд гэрч гэдэг юу юунаас илүү нотолгоо биш гэж үү. Би Д.Сумъяабазарын хэлснээр 500 сая төгрөгийг нь Тусгаар тогтнолын ордны гараашаас ачаад аваад явсан бол Д.Пүрэвдаваагаас мөнгө аваад Баянзүрхийн сонгуульд нь ялуулчихсан бол өнөөдөр энэ хэрэг битгий илрээсэй гээд залбираад сууж байх байсан биз. Харин ч энэ гэмт хэргийг илчилье гэж зориглож, Ардчилсан сонгуулийн тогтолцоог хадгалахын төлөө өөрт байгаа бүх зүйлээ золиослон байж шүгэл үлээж байна. Хар л даа, өнөөдөр аль хэдийн над руу дайраад гүтгээд доромжлоод эхэлчихсэн байна шүү дээ. Нөгөө айхтар троллууд нь төрийн машинуудтай нийлчихсэн намайг машиндаж өгч байна. Намайг хэн ч биш юу ч биш болгоод л хаячхаж байгаа биз дээ. Гэхдээ Монголын ард түмэн Ардчилалдаа хайртай, түүнийгээ хамгаална гэж итгэж байна. 

 

-175 тэрбум гэдэг тоо таны ярианд дурдагдаж байсан. Тэр ямар учиртай юм бэ?

 

-Тэд 2020 оны УИХ-ын сонгуулиар олсон амжилтандаа хэт эрдэж байгаа нь анзаарагдаж байсан. Төрийн бүх эрх мэдлийг өөрсдөө атгаж байгаа мэт сагсуурч эхэлсэн. Н.Алтаншагай нэг тохиолдолд надад 175 тэрбум төгрөг бүхий дансны хуулгаа үзүүлээд “Энэ хар даа. Ингэж ажилладаг байхгүй юу” гэж онгирч байсан юм. Би 1.7 тэрбум эсвэл 17 тэрбум байлгүй дээ гэж бодсон ч үнэхээр 175 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй дансны хуулга байсан. Хуулийнхан дансыг нь шалгаад үзвэл үнэн худал нь тогтоогдоно биз дээ. 

Өө тэгээд Мөөгий, Мөнхбат хоёр энэ ч байр ч авч өгсөн, тэр ч машин авч өгсөн гэж хөөрөлхөөд их л эрдүү байцгаасан даа. 

 

-Ерөнхийлөгчийн сонгууль эхэлчихлээ. Энэ сонгууль хэр шударга болох бол?

 

-Манай багийн ахлагч, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан У.Хүрэлсүхийн ерөнхий менежерээр томилогдсон байна лээ. 

Үргэлжлэл бий…

  

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.171.125)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.