Иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангах ажилд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахина
Үйл явдал
/
2021-05-26

Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үед зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах, санал авах үед коронавируст халдвар /КОВИД-19/-аас сэргийлэх ажлыг зохион байгуулалтын нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа. Уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Сонгуулийн ерөнхий хорооноос гадна Онцгой байдлын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, ЗӨСҮТ зэрэг төрийн байгууллагууд, нийслэлийн сонгуулийн хорооны төлөөлөл орж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах зохион байгуулалтыг хариуцан ажиллаж эхэллээ.

Мөн дээрх тогтоолын дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороодод Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үйл ажиллагааны үед цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журмыг хэрэгжүүлж ажиллах албан даалгаврыг Сонгуулийн ерөнхий хорооноос хүргүүлж байна. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авахдаа коронавируст халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй болон тусгаарлагдсан сонгогчдын судалгаа, тусгаарлах байр, эмнэлгийн тоог нарийвчлан гаргаж, харьяалах хэсгийн хороод эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог юм. 

 

 СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.137.59)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.