Бизнес эрхлэгчид нэр дэвшигчдэд шаардлага хүргүүллээ
Үйл явдал
/
2021-06-01

ТҮЦ эрхлэгчдийн холбоо болон жижиг дунд бизнес эрхлэгчдийн төлөөллүүд өнөөдөр /2021.05.31/ Сүхбаатарын талбайд хэвлэлийн бага зарлаж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд өргөх бичиг хүргүүлэхээр боллоо.

Тус шаардлагад:

"Сайн байна уу Та. Эрхэм нэр дэвшигч Таны сонгуулийн ажил амжилттай яваа гэдэгт итгэлтэй байна. Таны мөрийн хөтөлбөртэй анхааралтай танилцлаа. Харамсалтай нь ажилгүй гэж гэртээ суудаггүй, нийгмийн халамж нэхдэггүй, том бизнэс эрхлэх хөрөнгө оруулалт, барьцаа хөрөнгөгүй ч өдрийн орлогоороо ар гэрээ тэжээж яваа 170 мянга орчим жижиг бизнес эрхлэгчдийн тухай тодорхой хөтөлбөр, бодлого олсонгүй. Ерөнхий хоёр гурван өгүүлбэр байгаа ч энэ нь бидэнд итгэл найдвар, дэмжих сэтгэл зүй төрүүлэхгүй байна.
Иймд Та Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдолд жижиг бизнесүүд, ТҮЦ эрхлэгчдийн хүндрэлийг шийдэхэд ямар тодорхой ажлууд хийх вэ гэдэгт тодорхой, товч хариу өгөх үүднээс дараах асуултанд хариулт өгч бидэнд 48 цагийн дотор мэдэгдэнэ үү? Хариу өгөхгүй бол ерөнхийлөгчийн сонгуульд жижиг бизнэс эрхлэгчдийн төлөөлөл болох 200 мянга гаруй сонгогчид дэмжиж саналаа өгөхгүй гэдгээ үүгээр мэдэгдэж байна.

Та ерөнхийлөгч болвол доорх Бидний асуудлыг хэрхэн шийдэх вэ?

  1. Төрийн хорионд бүтэн хоёр жил байсан жижиг бизнес эрхлэгчид, үсчин, гуанз ресторанууд, нийтийн үйлчилгээний салбарт ажилладаг 3-100 хүнтэй бизнес эрхлэгчид ямар ч үйл ажиллагаа явуулалгүй хоригдож суулаа. Бид хэзээ бусад салбар шиг ажлаа хийж бизнесээ энгийн ажиллуулах вэ?
  2. Та туслахаараа зарын сонингуудыг худалдаж аваад дэлгээд уншиж үзээрэй. Үсчингүүд багажаа зарж байгааг, хоолны салбарынхан төхөөрөмжөө зарахыг, ТҮЦнийхэн шинээр ажил хайхыг, боловсролын салбар дахь хувийн хэвшлийнхэн түрээсээ төлж чадахгүй зээл хайж байгааг олон зуу, мянган зарыг олж унших болно. Татварт ямар ч орлогогүй Х тайлан өгсөн 130.000 аж ахуйн нэгж цаашид яаж хямралаас гарах вэ?
  3. Засгийн Газраас бизнесийг дэмжих 3 их наяд төгрөгийн зээл гаргаж гэх боловч жижиг бизнес эрхлэгч бидэнд огт олдохгүй байна. “Дээгүүрээ хувааж иддэг” монгол бизнесийн алтан дүрэм огт өөрчлөгдөхгүй байна. Та эдийн засаг дахь шударга бусын “хонгил”-ыг хэрхэн нураах вэ? Бодитой төлөвлөгөө байгаа юу" хэмээн асуусан байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.99.71)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.