Дата-тай ЭНХБАТ
Үйл явдал
/
2021-06-07

Эдүгээ бидний амьдралыг интернэтгүйгээр төсөөлөхийн аргагүй. Д.Энхбат интернэтийг нэврүүлсэн тухайгаа ярихдаа “Цагаан Хэрэм, Сибирь хоёрын дунд мартагдах аюултай, гарцгүй Монгол Улсаа дэлхийд гарцтай болгохын тулд үүнийг хийсэн” гэж хэлдэг билээ. Үнэхээр л өнөөдөр гурван сая гаруй монголчууд түүний бий болгосон цахим гарцаар дэлхийгээр чөлөөтэй аялж, дэлхийн аль өнцгөөс, хонины бэлчээрээс хүртэл онлайнаар харилцан мэдэээлэл солилцож, ажил хэргээ бүтээж байна.

Д.Энхбат Датаком компани байгуулах үед “Наадах чинь амьдралд ямар ч хэрэгцээгүй эрдмийн ажил” гэж хэлсэн хүн цөөнгүй байсан ч алсын хараатай хүний хувьд хийж буй ажлынхаа ирээдүйд итгэлтэй байв.

Анхны электрон захидал /и-мэйл/ туршиж, анхны хэрэглэгчээ урьж авчрахад нөгөөх нь “Би тэгээд хэн рүү бичих юм бэ?” гэж асууж байв. Түүнээс гадна и-мэйлтэй хүмүүсийн уулзалтыг тусгайлан зохион байгуулж байсан нь өнөөдөр бодоход хачирхалтай санагдана.

Аливаа юмны эхлэлийг тавина гэдэг маш хэцүү.  Д.Энхбатын хувьд бэрхшээл зовлон өдөр тутмын ажлынх нь нэг хэсэг байсан гэж болно. 1996 онд тун хүйтэн өвөл болж, шөнөдөө газрын антенн хөлдөж интернэт тасрах тохиолдол ч гарна. Интернэтээ тасалчихгүйн тулд Их дэлгүүрт байсан үсний бүх сэнсийг худалдан аваад антеннаа тойруулж байруулан тогонд залгаад гадуур нь шуудайгаар боож хөлдөхөөс хамгаалах байдлаар өвлийг давсан байна.

Тэгэхэд хүмүүс интернэтийг бараг мэддэггүй байсан нь хандлагаас улбаатай зарим хөгтэй явдалд хүргэдэг байж. Тухайлбал, Монголд интернэт нэвтрүүлснээ зарлахаар яарч байх цагт тэр үеийн Засгийн газар Д.Энхбатыг төрийн зөвшөөрөлгүйгээр баруун технологи нэвтрүүлсэн, түүндээ Монголын аюулаас хамгаалах байгууллагад ч байхгүй сүүлийн үеийн сансрын холбоо ашиглаж, Монголын нууцыг гадагшаа задлах гэж байна гэсэн үндэслэлээр шүүхэд өгч байсан удаатай. Гэвч үнэндээ Датаком холбооны сүлжээний бизнесийг эхлүүлснээр монголчууд дэлхийн хаана ч байсан мэдээлэл солилцох “цахим тусгаар тогтнол”-ыг олж авсан юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.12.50)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.